Говь-Алтай аймгийн усны төлөв байдал

2017.01.24

 Говь-Алтай аймгийн нутаг нь гадаргын усны хувиарлалтаар Монгол Алтайн ар хажуу болон өвөр хажуугийн мужид багтах бөгөөд Төв азийн гадагш урсгалгүй ай савд цутгах том голын нэг Завхан гол аймгийн зүүн хойд хэсгээр Тайшир, Жаргалан сумын нутгаар баруун хойд зүг урсан өнгөрнө. Мөн энэ ай савд багтах Сутай хайрханаас эх авсан Зүйлийн гол, Хасагт хайрханаас эх авч Шаргын говьд шургадаг Гурван шарын гол, Бурхан буудай уулнаас их авч Уст Чацран, мөн энэ уулнаас эх авч Захуйн говьд очдог Сагсай гол, Төгрөг гол, Хар азаргын нуруунаас эх авсан Шаргын гол, Алаг хайрханаас эх авсан Бижийн гол, Гичгэний нуруунаас эх авч баруун хойш урсан Бигэр нуурт цутгах Мянгайн гол зэрэг Тонхил, Шарга, Халиун, Цогт, Бигэр, Бугат сумдын нутагт бий. Эдгээр гол нь гол төлөв улирлын хомсдолтой гүний болон цас мөсний усаар тэжээгддэг ба дээрх говиудын төв хэсэг болон нууруудад ил хийгээд гүний урсанцаар цутгана. Мөнх цаст Сутай хайрхан ууланд 1 мм ам дөрвөлжинд 0.11 ам дөрвөлжин км тэнцэх талбай бүхий гөлчир мөсдөл буй бөгөөд энэ нь 3855 м өндөрт орших ба жилд 296 мм-ийн хэмжээтэйгээр  мөс  нь  хайлж  байдаг  онцлогтой. Аймгийн нийт нутгийн 0.1 % буюу 14305 га талбайг усан сан бүхий газар эзлэж байгаа нь монгол орны дундажаас үлэмж доогуур байна.

 

          Гадаргын усны нөөц, горим, хангамшилт, гол горхи, нуурын усны ширгэлт.  Тухайн орон нутгийн гадаргын усны нийт хэмжээ-0.058 шоо км, ашиглах боломжит  нөөц нь 0.01 шоо км аймгийн гадаргын усны чухал төрөл болох нуураар харьцангуй баялаг бөгөөд гол төлөв техтоник хөдөлгөөний гаралтай Ихэс /шүүтэй/, Шаргын Цагаан нуур /хоолны давстай/, Сангийн далай /салхин хуримтлалын гаралтай, аймагтаа хамгийн том талбайтай/, Буур /хоолны давстай/, Тонхил /35-аас дээш хувийн эрдэсжилтэй/,  Хулам, Хутаг, Алаг нуур /35-аас дээш хувийн эрдэсжилтэй/ Бигэр /хоолны давс, шүүтэй/ зэрэг нуурууд нь Дарви, Шарга, Хөхморьт, Тонхил, Чандмань, Бугат, Бигэр сумдын нутагт тус тус оршино.

           Тус аймаг нь рашаан усны хувьд метан, азотот давсархаг ба шорвог рашааны мужид багтана. Халиун сумын Уст Чацран, Жаргалан сумын Хүнхэр зуслан зэрэг өвөрмөц бодис бүхий азотот болон янз бүрийн найрлагатай рашаан ус элбэг байдгийн зэрэгцээ Дэлгэр сумын Бор- Овооны нуур, Бигэр нуур зэргийн эмчилгээний шавар, ус, элсний шарлагыг хамтатган дурдаж болно.

            Гүний усны нөөц.  Газрын доорх  ул хөрсний ус 0.10 шоо км, ,   ашиглах боломжит нөөц  0.03 шоо км байна. Усны эрэл хайгуулын ажлыг арван хоёр жилийн өмнө Японы засгийн газрын “ЖАЙКА “ байгууллагын хүч хөрөнгө, мэргэжилтний тусламжтайгаар гурван жил хийж, 12 цооног өрөмдөж усны нөөцийг тогтоох арга хэмжээ авсан байна,

           Аймгийн газрын доорхи ус дунджаар1200-3200 м өндөрт урсан өнгөрөх бөгөөд нутгийн зонхилох хэсэгт 5 мм -ээс доош хэмжээний урсац байх ба нутгийн өндөр уулсын таг болон цээжин биеийн багахан хэсэг газарт 5-10мм илүү хэмжээний урсацтай.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу.   http://govi-altai.nature.gov.mn/subInformation/3