Нутаг дэвсгэр

2016.03.14

Говь-Алтай аймагМонгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км болж тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ.

Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг.

 

 

Газар зүйн байршил

 

Тус аймаг нь уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай.
Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг.
Говь-Алтайн нутаг дахь уулсууд дөрөвдөгч галавын Альпын атраатлын бүр сүүлээр тогтсон хийгээд тектоник хөдөлгөөний хүч их байсанучраас өндөр болон сүндэрлэжээ. Тийм ч учраас аймгийн нутгийн Хасагт хайрхан зэрэг өндөр уулст одоогоор 600 сая жилийн өмнөх үеийн мөстлөгийн ор мөр бүхий бул чулуунууд илэрсэн нь дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинэ нээлт болжээ. Эдгээр уулсын ар өвөр өргөн уудам говь тал, хотгор, хонхорууд оршдог. Тус аймгийн гадаргын хотгор гүдгэрт талархаг хэлбэр голлох бөгөөд өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн уул тогтох хөдөлгөөнд нөлөөлөгдөөгүй дунд төрмөлийн эриний талархаг гадарга хэвээр хадгалагдан үлдсэн аж. Шинэ усны болон Халиун, Бигэр сумын болон Алтай сумын нутаг дахь Хайч уул, Улаан ганга, Ээж хайрхан уул, Бугат сумын нутаг дахь бунгийн гол зэрэг газруудаас папеогенийн гавалын үеийн аварга хирсний аймгийн шим үлдэгдлүүд олдсон байна. Ялангуяа шаргын говиос ногенийн гавалын үеийн миоценийн бүлгийн амьтан болох шувуу, эх газрын дун, хясаа, эртний заан болон плиоценийн бүлгийн амьтан болох эртний адууны аймгийн зэрэг шим үлдэгдлүүд нэг газраас цогцолбор байдлаар олдсон нь палеонтологийн шинжлэх ухаанд онцгой сонирхол татах аж. Мөн Халиун, Бигэр сумын нутгаас неогенийн гавалын миоценийн үеийн эртний зааны болон адууны аймгийн шим үлдэгдлүүд олдсоныг дурдууштай.
Монголын нэрт газарзүйн академич С.Цэгмэд Говь-Алтай аймгийн гадаргын хэв шинжийг “нутгийн өмнөд ба хойт талаар бэсрэг уулын хэв шинжтэй бөгөөд нутгийн хойд хэсгээр Алтайн ар говийн цав толгод, нутгийн дунд хэсгээр Монгол ба Говь-Алтайн уулт тогтолцоо, нутгийн өмнөд хэсгээр Алтайн өвөр говийн цав толгод” гэсэн мужууд байна хэмээн тодорхойлсон байна.
Томоохон говь, хотгор хонхоруудын гадаргын үнэмлэхүй өндөр 743-1100 орчим метр, өөрөөр хэлбэл далайн түвшингээс дээш дунджаар 1000 гаруй метр өргөгдсөн Хүйс, Шарга, Захуй, Зарман, Отгоны, Шаралдайн, Номин, Загт сайрын, Хар сайрын, Зүүн гарын, Талын, Нарансэвстэйн, Төхөм, Цагаан дэрс, Шалын, Улаан шалын хоолой, Хонин ус, Бигэр, Халиун зэрэг Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог. Эдгээрээс хамгийн нам өндөрлөгтэй нь Цэнхэр номингийн говь /583 м/ юм.
Алтай нутагт Монгол алтайн гол нурууны үргэлжлэл болох Мянган угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрханы уулс, Их хүрэн, Баян-Өндөр уул, Хар азаргын нуруу, Бурхан буудай уул, Гичгэний нуруу зэрэг үзэсгэлэнт сайхан уулс, Тонхил, Бугат, Төгрөг, Халиун, Цээл, Цогт, Бигэр, Эрдэнэ, Дэлгэр сумдын нутгаар дамнан сүрдэрлэнэ. Энэ гол нуруунаас зүүн урагш Монгол Алтайн нурууны урд талын томоохон салбар Аж богдын нуруу Бугат, Алтай сумын нутгийн дундуур цэнхэртэн харагдана. Монгол Алтайн нурууны хойд талын хоёр дахь салбар Төрийн тахилгат Сутай хайрхан Тонхил сумын нутагт чухамхүү хоёр аймгийн дөрвөн сумын нутгаас сүндэрлэнхэн гялалзана. Эндээс зүүн тийш Шаргын говийн зүүн хойд талаар Монгол Алтайн гол нурууны дөрөвдэх салбар болох Хасагт хайрхан, Хан тайшир, Сэрхийн нурууд, Баян-Уул, Шарга, Тайшир, Бигэр, Дэлгэр сумын нутгаар баруун хойноос зүүн урагш чиглэн сүндэрлэнэ. Монгол Алтайн нурууны өврийн нэгэн салбар болох Таянгийн нуруу үзэсгэлэнт Ээж хайрхан уулаар дамжих ба түүнээс зүүн урагш Цогт, Эрдэнэ сумын нутгаар дайрсан Идрэнгийн нуруу багагүй урт үргэлжилнэ. Идрэнгийн нуруунаас бүр урагшаа Атас богд, Ингэс, Ботгос уул Алтайн євєр говийн цаадах зэрэглээн дунд сүүмэлзэнэ.

Аймгийн хамгийн єндєр мєнх цаст Сутай хайрхан уул далайн тєвшнєєс дээш /д,т,д/ 4090 метр єндєр бєгєєд їїнээс гадна Аж богд /3802 м/, Бурхан буудай /3765м /, Алаг хайрхан /3738 м/, Хасагт хайрхан /3578м /, Бүс хайрхан /3393 м/ , Буга хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт єндєр уулс оршино.

 

 
Уур амьсгал
Тус аймагт өндөр уулын, хуурай хээрийн, цөлөрхөг говь хээрийн уур амьсгал зонхилно. Бас чийглэгдүү хүйтэн тагийн болон дулаан говь цөлийн уур амьсгал хагас цөл нутаг хийгээд өндөр уулын оройн хэсэгт бүрэлджээ.
Өндөр уулсын хуурайдуу хүйтэвтэр уур амьсгал нь аймаг дахь Монгол Алтайн гол нуруу тухайлбал мянган Угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрхан, Хар азаргын нуруу, бурхан буудай уул зэргийн ян сарьдаг, тагаас дооших ар, өвөр хажуу, бэлийн 2000-2800 м-ийн өндөрт бүрэлджээ. Түүнчлэн аймгийн нутаг дахь Монгол Алтайн нурууны хойд салбар Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Хантайширын нуруу болон өмнөд салбар Бурхан буудай уулын тэрхүү хэсэгт өндөр уулын уур амьсгал төлөвшжээ. Эдгээр өндөр уулсын хуурайдуу уур амьсгалын мужийн 7 дугаар сарын ижил утгын шугам +20 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм бөгөөд дээрх нутагт жилөдээ нийлбэр дүнгээр 80-135 мм орчим хур тунадас унана.
Харин дурдан буй уулс, нуруудын 2800 м ба түүнээс дээш өндөр чийглэгдүү хүйтэн тагийн уур амьсгалын муж бүрэлджээ. Энд 7 дугаар сарын ижил утгын шугам +16 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шгум -24 хэм орчим бөгөөд жилд нийтдээ 135 мм-энэс дээш хур тунадас унадаг учир аймагтаа хамгийн чийглэг нутгууд нь юм.
Хуурай сэрүүн уулын хээрийн уур амьсгалын муж аймгийн нутгийн 1600-2000 м өндөрт орших тодруулбал, Алтайн өмнөд говийн ууландаа ойрхон бэл, хонхор, хотгор, цав толгод мөн Дарви, Хасагт хайрхан, Хантайшир, Сэрхийн уулсын хормой, бэлийн буурц хотгоруудаар /Гүзээн тээлийн буурц, Цагаан олом, гуулингийн тал, тахийн тал гэх мэт/ болон Идрэнгийн нуруу, Атас богд орчмоор бүрэлдэн тогтжээ. Уур амьсгалын энэ мужид 7 дугаар сарын ижил утгын шугам +24 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм орчим ба жилийн нийлбэр дүнгээр 48-80 гаруй мм тунадас унана.
Дулаавтар цөлөрхөг хээрийн уур амьсгалын муж Шарга, Хүйсийн говь, Монгол элсний орчим нутаг болон Бигэр, Халиун, Шалын хоолой, Алаг нуурын говь, Захуй, зармангийн говь, аймгийн хамгийн өмнөд нутаг хатан суудлын тал зэрэг нутгаар зонхилох бөгөөд энд 7 дугаар сарын ижил утгын Шугам+24 хэм илүү, 1 дүгээр сарын ижил утгын шугам -16 хэмээс доош байх ба жилийн нийлбэр дүнгээр 48мм орчим тунадас унана.
Аймгийн өмнөд болон баруун өмнөд хилийн багахан хэсэг нутаг тодруулбал, Алтайн өвөр говь бүхэлдээ, тэрчлэн Шаргын говийн төв хонхор, Захуйн говийн төв хонхорт дулаан говь цөлийн уур амьсгал бүрэлдсэн ба энд жилийн нийлбэр дүнгээр 48 мм-ээс бага хур тунадас унадаг, 7 дугаар сарын ижил утгын шугамаар авч үзвэл, аймагтаа хамгийн халуун /+30хэмээс дээш/ болдог газрууд юм.

Дээр дурдсанаас дүгнэн хэлбэл Говь-Алтай аймагт хуурай, сэрүүвтэр болон гандуу дулаан зун хийгээд хахир, хахирдуу өвөл болдог байна.

 

 
Гадаргын болон газрын доорхи ус
Говь-Алтай аймгийн нутаг нь гадаргын усны хувиарлалтаар Монгол Алтайн ар хажуу болон өвөр хажуугийн мужид багтах бөгөөд Төв азийн гадагш урсгалгүй ай савд цутгах том голын нэг Завхан гол аймгийн зүүн хойд хэсгээр Тайшир, Жаргалан сумын нутгаар баруун хойд зүг урсан өнгөрнө. Мөн энэ ай савд багтах Сутай хайрханаас эх авсан Зүйлийн гол, Хасагт хайрханаас эх авч Шаргын говьд шургадаг Гурван шарын гол, Бурхан буудай уулнаас их авч Уст Чацран, мөн энэ уулнаас эх авч Захуйн говьд очдог Сагсай гол, Төгрөг гол, Хар азаргын нуруунаас эх авсан Шаргын гол, Алаг хайрханаас эх авсан Бижийн гол, Гичгэний нуруунаас эх авч баруун хойш урсан Бигэр нуурт цутгах Мянгайн гол зэрэг Тонхил, Шарга, Халиун, Цогт, Бигэр, Бугат сумдын нутагт бий. Эдгээр гол нь гол төлөв улирлын хомсдолтой гүний болон цас мөсний усаар тэжээгддэг ба дээрх говиудын төв хэсэг болон нууруудад ил хийгээд гүний урсанцаар цутгана. Мөнх цаст Сутай хайрхан ууланд 1 мм ам дөрвөлжинд 0.11 ам дөрвөлжин км тэхцэх талбай бүхий гөлчир мөсдөл буй бөгөөд энэ нь 3855 м өндөрт орших ба жилд 296 мм-ийн хэмжээтэйгээр мөс нь хайлж байдаг онцлогтой.
Аймгийн гадаргын усны чухал төрөл болох нуураар харьцангуй баялаг бөгөөд гол төлөв техтоник хөдөлгөөний гаралтай Ихэс /шүүтэй/, Шаргын Цагаан нуур /хоолны давстай/, Сангийн далай /салхин хуримтлалын гаралтай, аймагтаа хамгийн том талбайтай /, Буур /хоолны давстай/, Тонхил/35-аас дээш хувийн эрдэсжилтэй/, Хулам, Хутаг, Алаг нуур /35-аас дээш хувийн эрдэсжилтэй/, Бигэр / хоолны давс,шүүтэй/ зэрэг нуурууд нь Дарви, Шарга, Хөхморьт, Тонхил, Чандмань, Бугат, Бигэр сумдын нутагт тус тус оршино.
Аймаг нь рашаан усны хувьд метан, азотот давсархаг ба шорвог рашааны мужид багтана. Халиун сумын Уст Чацран, Жаргалан сумын Хүнхэр зуслан зэрэг өвөрмөц бодис бүхий азотот болон янз бүрийн найрлагатай рашаан ус элбэг байдгийн зэрэгцээ Дэлгэр сумын Бор- Овооны нуур, Бигэр нуур зэргийн эмчилгээний шавар, ус, элсний шарлагыг хамтатган дурдаж болно.

Аймгийн газрын доорхи ус дунджаар1200-3200 м өндөрт урсан өнгөрөх бөгөөд нутгийн зонхилох хэсэгт 5 мм -ээс доош хэмжээний урсац байх ба нутгийн өндөр уулсын таг болон цээжин биеийн багахан хэсэг газарт 5-10мм илүү хэмжээний урсацтай аж.

 

 
Хөрс
Говь -Алтай аймаг хөрс газар зүйн мужлалтаар Төв Азийн говийн мужийн бүсшилийн Алтай хийгээд говийн тойргуудад багтана. Ийм болохоор уулын болон талархаг ба хотгор газрын хөрс зонхилно. Аймгийн нутаг дахь Монгол Алтайн гол нуруу, түүний салбар уулсаар уулын тундрын, өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт, уулын хуурай хээрийн бүдүүн ялзмагт, уулын нугын, уулын нугат хээрийн, уулын цайвар хүрэн, уулын цөлөрхөг хээрийн бор, уулын хээржүү цөлийн цайвар бор хэв шинжийн хөрсүүд хослон тогтжээ.

Харин уулс хоорондын хонхор, хотгор хөндий болон Алтайн өмнөх хийгээд Шарга, Бигэр Захуй Зарман, Алаг нуур зэрэг говь нутагт талархаг ба хотгор газрын хөрс зонхилох бөгөөд эл нутгуудад хүрэн, цайвар хүрэн, нимгэн давхрагатай цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн цайвар бор, цөлөрхөг хээрийн нугат бор, цөлийн бор саарал, цөлийн нимгэн давхрагатай бор саарал, хэт гандуу цөлийн гөлтгөнөтэй нимгэн давхартай борзонт, марз, мараа, элс бүхий хэв шинжийн хөрс тархан бүрэлджээ. Ялангуяа Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутгийн бараг хагас хувь буюу өмнөд хэсэгт нь хэт гандуу цөлийн гөлтгөнөт, борзонт хөрс зонхилно. Харин Хөхморьт, Баян-уул, Жаргалан сумын хойд талын хэсэг газарт элсэн хөрс тогтжээ.

 

 
Ургамшил
Говь-Алтай аймаг нь ургамал, газар зүйн мужлалтаар Евразийн хээрийн их муж буюу Төв азийн дэд их мужийн Монголын ээрийн болон говийн умард цөлөрхөг хээрийн буюу Монгол Алтайн уулын дэд бага муж хийгээд Африк, Азийн цөлийн их мужийн Төв Азийн буюу Говийн төв мужийн Алтайн өвөр говийн дэд бага мужид тус тус багтана. /БНХАУ Үндэсний Атлас. УБ 1990. Москва 73 дахь тал /Ийм учраас аймгийн ургамалшлыг дараах 6 хэв шинжид ангилан үзэж болно.
1. Нам уулс, говь тал нутгийн дэгнүүлт үетэн, заримдаг сөөгөнцөр ургамалт цөлийн хээрийн ургамалшил: Үүнд хазаар өвс, монгол өвс, шарилж, монгол улс, баглуур, таана, монгол өвс, дан монгол өвс, харгана-монгол өвс, шарилж-монгол өвс-таарт бүлгэмдэл, монгол өвс бударгана зэрэг ургамалын бүлгэмлүүд оршино.
2. Заримдаг сөөгөнцөрт модонцорт ба сөөгөнцөрт цалийн ургамшил, Үүнд багалуур, хротир, заг, хармаг, улаан бударган, загт ба зээргэнт заг, будраа зэрэг болно.
3. Нуурт хонхор, голын хуурай голдирол ба сайр татмын ургамалшил: Үүнд татмын уламжит хужирлаг нугын ургамал, дэрст ургамлын бүлгэмдэл зэрэг багтана.
4. Өндөр уулын царам туж ба нугын ургамшил: Энд бушилжит туж ургамал зонхилно.
5. Нам ба дундаж өндөр уулсын үетэн алаг өвст ба нугын хээрийн ургамалшил: Үүнд алаг өвст-ботуульт алаг өвс, дэгнүүлт үетэн, ботуульт уулын хээргийн ургамал зонхилно.
6. Дэгнүүлт үетэнг хуурай хээрийн ургамшил: Үүнд хазаар өвс-хялганат, жижиг дэгнүүлт үетэн-хялганат, чулуусаг алаг өвс-ерхөгт, ерхөг-хялганат хээргийн ургамал голлоно. Мөн элсэрхэг ургамлын тогтворжиж гүйцээгүй бүлгэмлүүд ч бий.

Аймаг нь эмийн ургамлаар баян бөгөөд голлохыг дурьдвал алтан гагнуур, монгол тарваган шийр, вансэмбэрүү, говийн ганга, үнэгэн сүүлхэй лидэр, эмийн бамбай, урал чихэр өвс, ягаан хүн хорс, эгэл өмхий өвс, алаг цэцэгт башир, жавхаалаг башир, олон зүйл дэгд, хүн хорхоодой, тоорой, хонин арц, өргөст нохойн хошуу, марцны хоржигнуур, нангиад зээргэнэ, шар зээргэнэ, сийрэг сарнай, эгэл нишингэ, алтайн сонгино, говь цөл нутгийнаас хулангийн ундаа, цөлийн аргамжин цэцэг, элсний сулихар, бажууна тэргүүтнээр төлөөлүүлэн нэрлэж болно.

 

 
Амьтны аймаг
Говь-Алтай аймаг амьтны аймгаар баян бөгөөд тухайлбал ойт хээр, хээр, говь буюу заримдаг цөл, цөл, өндөр уулын тагийн бүслүүрийн хад асга, ус орчмын шугуй, сэвсгэр элсний амьтад хөршлөн тархжээ. Аймгийн амьтдын тархалтыг хөхтөн, хоёр нутагтан ба мөлхөгчид, шувуу, шавьж, загас гэсэн ангит бүлгүүдээр авч үзэж болно. Тухайлбал төгийн бүслүүрийн хөхтөн амьтан аргаль, янгир, ирвэс, түүнчлэн жижиг амьтад хадны баргачин, алтайн огодой, урт сүүлт шишүүхэй зэрэг нь аймаг дахь Монгол Алтайн гол болон түүний салбар уулсад амьдарна. Уулархаг нутагт элдэв янзын шавьжийн бүрдэл тааралдана.
Хээрийн бүсийн болон бусад бүсэд түгээмэл тархсан тарвага, зурам, чоно, хярс, туулай, үнэг, хүрэн зэрэг амьтдын бүлгэмдлийг нэрлэж болно.
Ойт хээрийн буга согоог, буган хандгай, суусар, жирх зэрэг амьтад дархан цаазат хасагт хайрхан зэрэг уул, мөн хар азаргын нуруунд бий.
Говь болон цөлийн бүсийн дархан цаазат хийгээд ховордсон амьтадаас хавтгай, хулан, бөхөн, мазаалай, зэгсний гахай, хар сүүлт, мөн махчин цоохондой зэргийг дурдалтай.
Говь, цөлийн мөлхөгч амьтдаас хонин гүрвэл, могой гүрвэл, могой, замба гүрвэлийг дурдахын сацуу загалт гүрвэл, тэмээн сүүлт могой хоёр зөвхөн Алтайн өвөр говьд оршдогийг хэлэх хэрэгтэй. Мөн говьд шумуул, дэлэнч, хөх түрүү зэрэг цус сорогчид элбэг. Бас бэлчээр, тариалангийн хортон царцаа, эрвээхэй зэрэг шавьж цөөнгүй, Цөлөрхөг хээр, говьд монгол чичүүл, үлийн цагаан оготоно элбэг тохиолдоно.

Аймагт алтайн хойлог, цагаан ахууна, ятуу, хахилага, ёл, тас зэргээс гадна говьд, хээрийн бүсийн шувуудын гол бүрдэл болох монгол болжмор, талын бүргэд, тэрчлэн говь, цөлийн бүсийн тоодог, хулан жороо, чогчого, зэржгэнэ мэтийг нэрлэж болно. Түүнчлэн хүнд ойр амьдардаг хэрээ, улаан хошуут, хадна тагтаа, сохор элээ, үхэр цахлай зэргийг дурдалтай. Аймгийн нутаг дахь Завхан голд загас бий.

 

 
Онцлог газрууд

Манай улсын хамгийн өндөрт оршдог аймгийн төв нь далайн төвшнөөс дээш 2181 м өндөрт орших Алтай хот юм. 2181 м гэдэг нь Улаанбаатар хотын дэргэдэх Богд хан уулын бараг орой гэсэн үг.

 

 
Дархан цаазат газрууд
Говийн их дархан газар нь А, Б гэсэн хоёр хэсэгтэй. Аймгийн нийт нутгийн 32 хувийг эзэлнэ.
А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим км өргөн газрыг хамрах бөгөөд энд Идрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт улаан, Ланзат, Цавилуур, харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулс Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говийг багтаасан 45149 ам.дөрвөлжин км талбайтай нутаг багтана.
Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80-аад км өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруун хуурай, Бор Цонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 8000 шахам ам. Дөрвөлжин км талбайтай нутаг бий. Говийн их дархан газар нь нийтдээ 53117 ам.дөрвөлжин км буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг. 1975 оноос дархлан хамгаалжээ. Говийн их дархан газрын Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 км зайтай оршино. Дархан цаазат болон байгалийн дурсгалт нөөц газрууд нь Хасагт хайрхан уул, Төрийн тахилгат Сутай хайрхан уул, Шарга-Манханы тал, Алаг хайрхан уул, Бурхан буудай уул, Ээж хайрхан уул зэрэг уул нуруудаар баялаг.