Бэлчээр ашиглалт, бэлчээрийн доройтол, талхагдал

2017.01.24

 Байгалийн бэлчээр нь Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 72.4%, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 99.27%-ийг тус тус эзэлж байгаа ба нийт ажиллагчдын 34.6 хувь нь ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 16.3%, экспортын 10%-ийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн тэжээлийн үндсэн эх үүсвэр нь байгалийн бэлчээр байсаар байна.

        Говь-Алтай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 73.5%-ийг бэлчээр (2010 оны байдлаар) эзлэх ба үүний 34.3%-ийг дундаж болон нам, бэсрэг уулын бэлчээр, 21.1%-ийг цөлийн бэлчээр, 18.2%-ийг цөлөрхөг хээрийн бэлчээр, 9.2%-ийг өндөр уулын бэлчээр, 6.1%-ийг хээрийн бэлчээр, 5.6%-ийг голын хөндий, нам, хотос нугын бэлчээр, 0.3%-ийг өндөр уул хоорондын нугын бэлчээр тус тус эзлэх ба 5.2% нь бэлчээрт тохиромжгүй газар эзэлж байна.

          Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн ургац, тэжээлийн шимт чанар буурах, ургацад малын тэжээлийн ургамлын эзлэх хувь багасах, бэлчээрийн газарт хортон шавьж, мэрэгчид тархах, зам болон уул уурхайн үйл ажиллагаанд өртөх, хог хаягдлаар бохирдох зэргээр бэлчээр доройтолд нэрвэгдэх нь улам бүр нэмэгдэж байна. Бэлчээрийн төлөв байдал, чанарын улсын хянан баталгаагаар (2010) Говь-Алтай аймгийн нийт бэлчээрийн 14.4% буюу 1556127.4 га бэлчээр дунд зэрэг, 0.82% буюу 88385.6 га нь хүчтэй доройтсоны дээр 40016 га бэлчээр автогений нөлөөнд, 62843 га нь техногений нөлөөнд тус тус өртөж, 297719.1 га бэлчээрт хортон мэрэгчид тархаж, 230 га бэлчээр ахуйн хог хаягдалд бохирдсон байна.

      Бэлчээрийн доройтлын хэмжээг сумдаар авч үзвэл, Халиун, Цээл, Алтай, Бугат, Жаргалан сумдын нийт бэлчээрийн 10 хүртэл хувь нь дунд зэрэг доройтсон байгаа бол Есөнбулаг, Тайшир, Төгрөг, Чандмань сумын нийт бэлчээрийн 20 хүртэл хувь, Тонхил, Цогт, Дэлгэр, Дарви, Хөхморьт, Шарга, Эрдэнэ сумын бэлчээрийн 20-25%, Баян-Уул, Бигэр сумын нийт бэлчээрийн 40-50% нь тус тус дунд болон хүчтэй доройтсон байна.

       Ийнхүү бэлчээр доройтож байгаагийн нэг шалтгаан нь бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт болон шинжлэх ухааны үндэслэлтэй менежментийн аль аль нь алдагдаж, зөвхөн малын тооны өсөлт, малын ашиг шимийн нэмэгдлийг эн тэргүүнд тавьсны улмаас бэлчээрийн даац хэтэрсэн, сүргийн бүтэц алдагдсан, бэлчээрийн усан хангамж эрс муудсаны зэрэгцээгээр дэд бүтцийн хөгжлийн түвшин зэргээс улбаалан төв, суурин газар, уст цэгийн орчим болон зам дагуу хүн, мал ихээр төвлөрсөн, бэлчээрийг зохистой ашиглах арга туршлагатай хүмүүс ховордсон, бэлчээрийн менежментийн талаархи мэргэжилтэн, малчдын мэдлэг чадавхи сул, орон нутгаас бэлчээрийн ургамалжил, түүний төлөв байдал, ашиглалтанд тулгуурлан зохистой ашиглах, сайжруулах, хамгаалах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, зохицуулах, малчдыг бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхэд татан оролцуулах ажил хангалттай хийгдэхгүй, төрийн бодлого зохицуулалт сул, хөрөнгө санхүүжилт хүрэлцээгүй зэрэгтэй шууд холбоотой.

      Бэлчээрийг доройтохоос урьдчилан сэргийлэх, зохистой ашиглах, сайжруулахын тулд бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох асуудал Монгол мал” үндэсний хөтөлбөр(2010), Монгол улсын баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр (2006-2015), Говь-Алтай аймгийн хөгжлийн хөтөлбөр (2007-2015) зэрэг бодлогын баримт бичигт тусгалаа олсон боловч тэдгээрийн хэрэгжилт бэлчээрийн экосистемд тулгараад буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул Дэлхийн байгаль хамгаалах сан, Mercy corрs ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн хэмжээнд “БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР /2012-2023 он/” –ийг боловсруулж  аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар  2011 оны 10/10 дугаарын  тогтоолоор батлуулан хэрэгжүүлэн ажиллаж  байна.

      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2011 онд “2012-2013 онд аймгийн бүх сумдыг бэлчээрийн менежментийн батлагдсан төлөвлөгөөтэй болгох” ажлын хүрээнд “Бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад талуудын оролцоо” сэдэвт 2 үе шат бүхий зөвлөлдөх уулзалт, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан. Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран байгаль орчны мэдээлэл сургалт, суртачилгааны ажлыг сонирхолтой хэлбэрээр ард иргэдэд хүргэх ялангуяа шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах,  нутаг орноороо, байгалийн нөөц баялгаараа бахархах сэдэл тэмүүлэлийг бий болгох зорилгоор бөхөнгийн тархац нутаг болох 11 сумд “Өнөд нутаглах буурь минь” 2 үе шаттай дэвжээ тэмцээний зохион байгуулсан нь үр дүнтэй томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.  Энэхүү байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны ажилд Гандантэгчилэн хийдийн дэд хамба Ё.Амгалан хамбыг урьж оролцуулан  “Амгалан аж төрөхүй” лекцийг 11 сумын 2256 хүнд толилуулан хийморийн сан тавьсан нь сүсэгтэн олны хүндэтгэлийг хүлээсэн томоохон арга хэмжээ болсон юм.

         2012 онд аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй Монгол бөхөн төсөл болон Мерси кор ОУБайгууллагатай үр дүнтэй хамтран ажилласан. Тухайлбал: Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн эхний үе шат буюу 2012-2013 онд аймгийн бүх сумдыг бэлчээрийн менежментийн батлагдсан төлөвлөгөөтэй болгох ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, ДБХСан, Мерси кор ОУ Байгууллагуудтай   хамтран “Сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг чадавхжуулах" , “Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх” сургалтыг 2012 оны 03, 05 дугаар саруудад 15 хоногийн хугацаатай зохион байгууллаа.  Тус сургалтанд ХААИС-ийн доктор  Ж.Ундармаа багш, ДБХСангийн нөхөрлөлийн сургагч багш, хөдөөгийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, Д.Санжмятав нарыг урьж авчран хичээл заалгаснаас гадна сумдын  газрын даамал, ХАА-н бэлчээр, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын  улсын байцаагчид  хамрууллаа.

        “Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн хөтөлбөр”-ийн танилцуулга, “Хөдөөг хоршоолох аян”-ын хүрээнд ноосны урамшуулал, хоршоо, биржийн тухай хуулийн ойлголтыг мал бүхий иргэдэд танилцуулах, сурталчлах, тэдэнтэй харилцан ярилцах зорилгоор бүх сумдад малчдын уулзалт зөвлөгөөнийг ЗДТГ, ХХААЖДҮГ, ДБХСан, Мерси кор ОУ Байгууллагуудтай   хамтран зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөнд нийт 1200 орчим мал бүхий иргэн хамрагдаж бэлчээрийн талаар тулгамдаж буй асуудал, түүнийг зүй зохистой ашиглах, хамгаалахад тэдний үүрэг оролцооны талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

        Мөн сум, аймгийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг чадавхижуулах үйл ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймгийн Алтай сумын бэлчээрийн менежментэд орон нутгийн зөв бодлого шийдвэр хэрхэн үр дүнд хүрсэнийг судлаж өөрийн орон нутагтаа нэврүүлэх аялалыг 2012 оны 06 дугаар  сард ДБХСантай хамтран зохион байгууллаа. Тус аялалд аймгийн бэлчээрийн хэсгийн 3 мэргэжилтэн, Бугат, Чандмань, Эрдэнэ, Дэлгэр, Тонхил, Есөнбулаг, Дарив, Тайшир сумдын бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа. Аймгийн ХХААЖДҮГазар болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ”НОГООН БИЗНЕС- Бэлчээр сайн бол малчин баян” нөхөрлөл хөгжлийн VIII бага наадмыг 2012 оны 9 дүгээр сард  зохион байгуулж ажиллаа. Уг наадамд Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн 18 нөхөрлөлийн 45 гишүүн оролцсон бөгөөд “Говь-Алтай аймгийн бэлчээрийн менежментийн  хөтөлбөр”-ийн танилцууллагыг хийлээ.

 

Цөлжилтийн төлөв байдал

 

Монгол Улсын Засгийн Газраас 2010 онд батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т үндэсний хэмжээний цөлжилтийн үнэлгээ зураглалын ажлыг 5 жил тутамд гаргаж Засгийн газарт тайлганахаар тусгажээ. Энэхүү зорилтын хүрээнд 2015 онд үндэсний хэмжээний цөлжилтийн үнэлгээг шинэчлэн хийх тул энэхүү мэдээнд 2010 оны мэдээллийг тусгав.

         Цөлжилт, газрын доройтлын төлөв байдал, үйл явцыг судлан, цөлжилтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоож түүнд үнэлгээ өгөх, зураглал, түүний цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь газрын элэгдэл эвдрэлийг бууруулах, цөлжилтийн  үйл явцыг сааруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нэн чухал шаардлагатай юм.

        Энэ хүрээнд 2013 онд Щвейцарийн хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжсэн “Цөлжилийг сааруулах” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр БОНХЯ-ны харьяа Байгаль орчны медээллийн төв, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн хамтран “Монгол орны цөлжилтийн атлас” зохиож, Цөлжилтийн мэдээллийн сан байгуулсан байна. 

        Тус атласыг боловсруулахдаа улс орны хэмжээний нэгдсэн үнэлгээ, зураглал үйлдэх үүднээс зайнаас тандан судалгааны мэдээлэлд суурилсан үзүүлэлтийн системийг сонгон авч, цөлжилтийн үнэлгээний нэгдсэн шалгуурт Гангийн нормчилсон индексийн эрчим, Гангийн нормчилсон индексийн давтагдал /2000-2011 оны хоорондох давтагдлын тоо/, Хөрс усаар эвдрэх  хэмжээ /тн/га/жил/, Хөрс салхиар элэгдэх хэмжээ /тн/га/жил/, Ургамлан нөмрөгийн төлөв байдлын өөрчлөлт/2000-2010 оны өөрчлөлтийн хувь/, Ургамлан нөмрөгийн өөрчлөлтийн хандлага /2000-2010 оны өөрчлөлтийн хувь/, Малын нягтшил, Хүн амын нягтшил гэсэн 8 үзүүлэлтийг сонгон авч цөлжилтийн нэгдсэн үнэлгээг хийсэн байна.

             2010 оны байдлаар, Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь тодорхой зэрэглэлээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн бөгөөд үүнээс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд, 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

           Говь-Алтай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 3.4 хувь нь цөлжилтийн  нэн хүчтэй, 5.4 % нь хүчтэй, 38.7% нь дунд, 40.3% нь сул илэрсэн нутагт хамрагдаж байна.  Энэ нь нийт нутгийн 87.8 хувь цөлжилтөнд өртсөнийг илэрхийлж байна. Үлдсэн 12.2 хувь нь цөлжилт илрээгүй гэсэн тоо баримттай байгаа боловч энэ нь аймгийн хэт хуурай цөлийн бүс, цөлийн бүс, тагийн бүсэд хамрагдаж байгаа болно.

             2010 оны цөлжилтийн үнэлгээний дүнг өмнөх 2006 оны дүнтэй харьцуулж үзвэл тус аймгийн хэмжээнд цөлжилтийн дунд, сул зэрэглэл бүхий газруудын тархац нутаг нэлээд өөрчлөгдсөн буюу ялангуяа сул зэрэглэл бүхий газрууд шинээр голомтлон үүссэн нь элбэг байна. /хүснэгт, зураг /

                    

Хүснэгт . Говь-Алтай аймгийн цөлжилтийн үйл явцын хандлага / хувиар /

 

Цөлжилтийн үнэлгээ хийсэн он

Сул илэрсэн нутаг %

 Дунд зэрэг илэрсэн нутаг %

Хүчтэй илэрсэн нутаг %

Нэн хүчтэй илэрсэн нутаг %

Нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь %

2006

25.19

23.61

11.67

4.23

64.7

2010

40.3

38.7

5.4

3.4

87.8

 

Зураг. Цөлжилт газрын доройтлын төлөв /2010 оны байдлаар/

Зургаас хархад нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд тус аймгийн Халиун сумын ихэнх нутаг хамрагдаж байгаа бол хүчтэй зэрэглэлд Төгрөг сум багтаж байна. Харин цөлжилтийн сул, дунд зэрэглэлтэй нутгуудад цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэл бүхий газруудын ойр орчим нутгууд багтаж байна.

            Орчин үед цөлжилтийн асуудал нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг
зохисгүй ашиглахаас үүдэлтэй гэж хэлж болох бөгөөд харин үүссэн нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улам даамжирах хандлагатай болдог.

         Цөлжилтийн нэгдсэн зурагт тооцсон үзүүлэлтүүдээс уг үйл явцад давамгайлан нөлөөлөх хүчин зүйлийн зургийг зохиож үнэлэхэд цөлжилт илрээгүй буюу хүчин зүйлийн нөлөөгүй 10.4 %, хүний хүчин зүйл давамгайлсан буюу хавсарсан 39 %, байгалийн хүчин зүйл давамгайлсан буюу хавсарсан 50.6 % болж байна. Энэ нь цөлжилт хүчтэй, нэн хүчтэй илэрсэн тухайн газар нутагт байгалийн хүчин зүйл 56 %, хүний үйл ажиллагааны нөлөө 44 хувийг эзэлж байна гэсэн үг юм.

         Нутаг дэвсгэрийн хувьд говийн бүс нутагт байгалийн хүчин зүйлс, зүүн бүсэд хүний нөлөө болон байгалийн хүчин зүйлс хавсарсан, хангайн бүсэд хүний нөлөө давамгайлсан, Монгол Алтай, Их нууруудын хотгорт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө илүү нөлөөтэй байна.

         Тухайлбал газрын доройтол, цөжилтийг үүсгэж буй байгалийн хүчин зүйлүүдээс тус аймгийн нутаг дэвсгэрт хөрс усаар эвдрэх үйл явц Говь-Алтайн уулархаг бүс нутгаар, хөрс салхиар элэгдэх үйл явц Алтайн өвөр говь болон шаргын говийн хотос хоолойгоор тод ажиглагдах ба 2000, 2010 онуудыг харьцуулж үзвэл жилд 165.7тн/га хөрс зөөгдөж байгаа тооцоо гарсан байна.

          Мөн газрын доройтлыг бий болгоход нөлөөлж буй мал аж ахуйн газарзүйн хуваарилалтад гарсан өөрчлөлтөнд 2010 онд тус аймгийн Баян-Уул, Жаргалан, Дэлгэр сум хамгийн их нягтшилтай сумд орж байсан бол 2013-2014 онуудад Бигэр, Тонхил, Чандмань сум бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн дүнтэй гарсан байна.

          Үүнээс гадна тус аймагт цөлжих үйл явцыг идэвхижүүлэх гол хүчин зүйл нь  үе үе хүчтэй шороон шуурга тавьдаг, хур тунадас бага унадаг зэрэг байгалийн хүчин зүйл, нөгөө талаар олон салаа авто зам гаргах, хууль бусаар ашигт малтмал олборлон нөхөн сэргээлтийн ажлыг хийхгүй орхигдуулах, заг болон говийн бутлаг ургамлыг иргэд түлшинд хэрэглэх явдал багагүй хэмжээтэй байгаа зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх хүчин зүйл болсоор байна.

         Цөлжилтийн өнөөгийн байдлаас шалтгаалан орон нутагт тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэж байна. Тухайлбал Засгийн газрын 2010 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цөлжилтийг сааруулах дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Говь-Алтай аймгийн байгаль орчны мастер төлөвлөгөө”, “Говь-Алтай аймгийн Бэлчээрийн менежментийн хөтөлбөр”- ийг тус тус боловсруулан батлуулж, хэрэгжүүлэн ажилласнаар сум орон нутагт байгаль хамгаалах, цөлжилтийг сааруулах чиглэлээр хийгдэж буй ажил, зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд улсын болон орон нутаг төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтаас нийт 2013 онд 316.62 сая.төг, 2014 онд 1376.79 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.