ТУЛГАР ТӨРИЙН 2230, ИХ МОНГОЛ УЛСЫН 815, АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛ, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 98 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫГ ЦАХИМААР ТВ9 ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үзэгчгүйгээр зохион байгуулж, ТВ9 телевиз болон орон нутгийн хэвлэл мэдэллийн байгууллагууд шууд дамжуулан үзэгч түмэндээ хүргэлээ.
Цахим баярыг нээж Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар хэлсэн үгэндээ:
“Дэлхий нийтээрээ хүнд, бэрх цагийг туулж буй энэ үед аймгийн баяраа үзэгчгүйгээр тэмдэглэж байгаа хэдий ч та бүхэндээ цэнхэр дэлгэцээр дамжуулан үзэх боломжийг бүрдүүллээ. Эрэмгий хүчит бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэн харваачид цэцээ гайхуулахыг харан баясаж, Монгол соёл, Монгол түүхээрээ бахархан омогшихоос сайхан зүйл үгүй билээ. Ард түмний минь эрүүл мэнд бол хамгийн үнэ цэнэтэй баялаг юм. Цар тахлын хүнд хэцүү үеийг хамтын хүчээр даван туулж, орон нутгаа хамтдаа хөгжүүлцгээе хэмээн онцлоод айл бүхний голомт ашид бадран гийж, үрс бүхний царайнд баярын мишээл тодорч, настан буурлууд минь эрүүл энх байж, өргөн их Алтай нутаг минь дэвжин дээшлэхийн ашидын ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье” хэмээн онцоллоо.
Аймгийн засаг дарга О.Амгаланбаатар энэ жилийн Цахим баярт улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байх шийдвэр гаргаж, аймгийн баярт зодоглох аймаг сумын цолтой 128 бөхийг тангараг өргөн, шударга үнэн барилдаж, уран мэхээ уралдуулан олон түмнээ баясгах санаачилга гаргасныг бөхчүүд дуу нэгтэйгээр дэмжсэнээр анх удаа бөхчүүд Үндэсний баяраар тангараг өргөсөн явдал нь баярын нэг онцлог байлаа
Мөн энэхүү цар тахлын хүнд хэцүү үед улсын төсвөөс мөнгө гаргалгүйгээр өв соёл, үндэс угсаа, нутаг орноо гэх сайхан сэтгэлт ард түмнийхээ дэмжлэг тусламжаар зохион байгуулсан энэ удаагийн баярт "Макс" Группийн хамт олон болон Макс Уяаны өмнөөс Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, МУ-ын Тод Манлай уяач, Нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар, МУ-ын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан МУ-н Тод Манлай Уяач Д.Цэрэнжигмэд, МУ-ын Манлай Уяач Д.Жамьян, МУ-н Манлай Уяач П.Алтансүх нутгийн зон олондоо 98 жилийн ойн мэндийг хүргэж, "Макс" угшлын адуун сүрэг, Саран дэвсгэртэй хос арвай тамгатай нийт 32 бага адуугаар 6 насны айргийн тавд орсон нийт 30 морь болон үзүүр, түрүүний бөхийг шагнан байлж, нутгийн зон олонтойгоо хурд хуваалцсан нь олны талархал хүндлэлийг хүлээсэн онцлог үйл явдал боллоо.
“Цахим баяр”-ын нээлтийн үеэр ажиллаж буй салбартаа өндөр амжилт гаргасан иргэдийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, цаашид ч мөн нутаг орныхоо хөгжлийн төлөө мэдлэг чадвар, хөлс хүчээ харамгүй зориулах итгэл хүлээлгэн төрийн дээд шагнал, одон медалиудыг гардуулан өглөө. Монгол улсын төрийн дээд шагнал алтан гадас одонгоор Намжилжавын Сандаг, Гошгойн Цэндсүрэн, Хандмаагийн Батхүү, Оршихын Баярмагнай, Хоохойн Болд, Ширбазарын Дашдорж, Нанжидын Нарантуяа, Чимэддоржийн Цэцэгмаа, Ходоодын Сарангэрэл, Дүнгэрийн Наянбуу, Цэрэнгийн Жаалжав, Дүгэржавын Гагарин, Пунцагын Онжин, Далхын Мэнднасан, Агваан-Ёндонгийн Агваанжаргал, Пэрэнлийн Даваа, Минжүүрийн Ганбаатар нар тус тус шагнагдсан бол Монгол улсын төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны одонгоор Хувборын Энхбат, Гагарины Баасанцогт, Хөдөлмөрийн хүндэт медалиар Баатарын Золбаяр, Ишжамцын Бальдармаа, Аюурзаны Батдэлгэр, Түмэннасангийн Хүрэлбаатар, Даржаагийн Должинсүрэн, Нанжидын Мөнхбат, Ганбаатарын Майнбаяр нар, Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор Дарамзагдын Чинбат, Баарайн Замандий, Шаравын Мэндсайхан, Ойдовын Төмөрмөнх, Хувхүүгийн Наранцэцэг, Баттулгын Энхтуяа, Тогтоогын Оюунцэцэг, Пүрэвжавын Батболд, Сандивын Цагаанбаатар, Шар-Охины Сэлэнгэ нар тус тус шагнагдлаа.
Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярт нийт 128 бөх барилдсанаас аймгийн арслан цолтон 8 /Д.Тангад, Д.Буянт, Д.Цэрэндаваа, О.Мөнхтөр, Э.Даваажаргал, Б.Отгонбаатар, Ч.Эрдэнэсайхан, Л.Алтанхуяг, Д.Ганцоож, Х.Ариунбаатар/, аймгийн заан цолтон 5, аймгийн харцага цолтон 4, аймгийн начин цолтон 29, сумын цолтой 68, залуу бөх 14 барилдаж уран мэхээ уралдуулснаас Шарга сумын харьяат аймгийн арслан Э.Даваажаргал түрүүлж, хурц арслан чимэг нэмж, Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар үзүүрлэж, Дэлгэр сумын харьяат Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Халиун сумын харьяат сумын заан Мөнхбаатарын Өгөөдэй нар шөвгөрлөө. Халиун сумын харьяат сумын заан Мөнхбаатарын Өгөөдэй Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярт 5 давж аймгийн начин цолны болзол хангалаа. Үндэсний бөхийн барилдааны хувьд нэг ч улсын цолтой бөх барилдуулахгүй байх шийдвэр гарган, шударга барилдаж үнэн хүчээ үзэх тангараг өргөсөнтэй холбоотой цол, давааг мөнгөөр худалдан авах бохир аргыг халж чадсанаараа үзүүштэй баяр болж, үзэгч түмний талархлыг хүлээсэн юм.
Шагайн харвааны нийт 5 багийн 40 харваачаас улсын мэргэн цолтон 2 /Э.Даваадорж, Г.Бат-Эрдэнэ/, аймгийн гоц мэргэн 18, аймгийн хошой мэргэн 7, залуу харваач 13 оролцсоноос цуваа харваанд Баян-Уул сумын харьяат аймгийн гоц мэргэн Б.Лхагвадорж түрүүлж, Тайшир сумын харьяат аймгийн гоц мэргэн А.Эрдэнэсүрэн дэд байр эзэлж, Тайшир сумын харьяат аймгийн гоц мэргэн М.Адьяабазар гуравдугаар байр эзэллээ. Шагайн харвааны багийн харваанд Аймгийн гоц мэргэн М.Адьяабазар ахлагчтай “Хантайшир” баг тэргүүлж, Монгол улсын мэргэн Э.Даваадорж ахлагчтай Есөнбулаг сумын 3-р сургуулийн баг хоёрдугаар байрт орж, Аймгийн гоц мэргэн Т.Чогномлха ахлагчтай Тайшир сумын баг удаалсан бол Дүүжин харваанд “Хантайшир- Эрдэм цогцолбор сургууль”-ийн залуу харваач Г.Мөнхням тэргүүлсэн байна.
Сур харваанд оролцсон нийт 82 харваачаас эрэгтэй харваач 50, эмэгтэй харваач 32 байсан бол Аймгийн мэргэн 8, Аймгийн гарамгай харваач 3, гоц харваач 3, спортын мастер 20, сумын цолтон 27 цэц мэргээ сорьж, Халиун сумын харьяат 1-р цэцэрлэгийн харваач Д.Давааням түрүүлж, Аймгийн мэргэн цолны болзол хангасалаа. Сур харвааны эрэгтэй төрөлд дэд байрыг Баян-Уул сумын харьяат “Сэрүүн сайхан Алтай” ХХК-ын харваач, аймгийн мэргэн, сортын мастер Б.Билэгдэмбэрэл эзэлж, гуравдугар байрыг Дэлгэр сумын харьяат Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн харваач Ч.Баяндалай, дөрөвдүгээр байрыг Дарив сумын харьяат Сумын мэргэн Д.Хангарьд, тавдугаар байрыг Шарга сумын харьяат Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Д.Лхагвабаатар нар тус тус эзэллээ.
Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд Эрдэнэ сумын харьяат ENSURE төсөл, БОАЖГ-ын харваач Э.Цэцэгмаа тэргүүн байр эзэлж, Аймгийн мэргэн цолны болзол хангаснаар энэ жилийн цахим баяраар Говь-Алтай аймаг 2 аймгийн мэргэнтэй болсон юм. Сур харвааны эмэгтэй төрөл хоёрдугаар байрыг Есөнбулаг сумын харьяат Засагт хан клубын тамирчин, спортын мастер, Аймгийн гарамгай харваач Э.Лхамхүү, гуравдугаар байрыг Завхан аймгийн Идэр сумын харьяат, ГАА-ийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн тамирчин, Аймгийн гоц мэргэн С.Мөнхзаяа, дөрөвдүгээр байрыг Цогт сумын харьяат, Засагт хан клубын тамирчин, спортын мастер, аймгийн гарамгай харваач Л.Даваасүрэн, тавдугаар байрыг Төгрөг сумын харьяат “Алтай-Улиастай ЭХС” ТӨХК-ийн тамирчин, сумын гарамгай харваач Д.Бадамцэрэн нар тус тус эзэлсэн юм.
Их насны морьдын уралдаанд Дэлгэр сумын уяач Дэлгэржаргалын Буурал морь түрүүлж, Хөхморьт сумын уяач Тэрбишийн Буурал морь аман хүзүүдэж, Дарви сумын уяач Алтангэрэлийн алаг морь айргийн гуравт, Цээл сумын уяач Заяабаатарын Хонгор морь айргийн дөрөвт, Есөнбулаг сумын уяач Цогбаярын хүрэн морь айргийн тавд хурдаллаа.
Азарганы уралдаанд Бигэр сумын уяач Түмэнцогтын хул морь түрүүлж, Төгрөг сумын уяач Нямаахүүгийн бор морь аман хүзүүдэж, Шарга сумын уяач Отгонбаатарын хүрэн морь айргийн гуравт, Жаргалан сумын уяач Нямдоржын хүрэн морь айргийн дөрөвт, Жаргалан сумын уяач Эрдэнэцогтын хүрэн морь айргийн тавд хурдаллаа.
Дааганы ураллдаанд Жаргалан сумын уяач Энх-Амгалангийн хүрэн морь түрүүлж, Шарга сумын уяач Бямбоцогтын хүрэн морь аман хүзүүдэж, Халиун сумын уяач Даваацэрэнгийн хар морь айргийн гуравт, Жаргалан сумын уяач Нямдоржийн хээр морь айргийн дөрөвт, Есөнбулаг сумын уяач Ариунболдын хүрэн халзан морь айргийн тавд хурдаллаа.
Хязаалан насны морьдын уралдаанд Дэлгэр сумын уяач Амарзаяагийн хүрэн халзан морь түрүүлж, Халиун сумын уяач Хүрэлсүхийн хул морь аман хүзүүдэж, Дэлгэр сумын уяач Цэдэвсүрэнгийн хонгор морь айргийн гуравт, Бигэр сумын уяач Түмбаярын хүрэн морь айргийн дөрөвт Эрдэнэ сумын уяач Ерөөлтийн хүрэн морь айргийн тавд хурдаллаа.
Соёолон насны морьдын уралдаанд Цээл сумын уяач Заяабаатарын хүрэн морь түрүүлж, Жаргалан сумын уяач Баттулгын хүрэн халзан морь аман хүзүүдэж, Цээл сумын уяач Хүрэлбаатарын хар морь айргийн гуравт, Бигэр сумын уяач хатанбаатарын бор морь айргийн дөрөвт, Есөнбулаг сумын уяач Цогтбилэгийн халтар морь айргийн тавд хурдаллаа.
Шүдлэн насны морьдын уралдаанд Халиун сумын уяач Мөнх-Эрдэнийн хонгор морь түрүүлж, Хөхморьт сумын уяач Шинэбаярын хээр морь аман хүзүүдэж, Баян-Уул сумын уяач Ганбаатарын хүрэн морь айргийн гуравт, Жаргалан сумын уяач Энх-Амгалангийн хонгор халзан морь айргийн дөрөвт, Дэлгэр сумын уяач Цагаанбаатарын хар морь айргийн тавд хурдаллаа.
Жороо морьдын уралдаанд Есөнбулаг сумын уяач Батбаярын хээр морь түрүүлж, Халиун сумын уяач Төртогтохын ягаан морь аман хүзүүдэж, Тайшир сумын уяач Чагнаадоржийн хондон морь айргийн гуравт, Баян-Уул сумын уяач Түвшинжаргалын хүрэн морь айргийн дөрөвт, Есөнбулаг сумын уяач Энхбаатарын хүрэн халзан морь айргийн тавд хурдаллаа.
Ийнхүү Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн “Цахим баяр” амжилттай сайхан зохион байгуулагдаж, шандаст хүлгүүд нь хурдан, хүчит бөхчүүд нь бяртай, эрхий мэргэн харваачид нь цэцтэй, үзэх суваг нь хүртээмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, дэлхийн аль ч өнцөг буланд байсан Говь-Алтай аймгийнхаа баярыг үзэх боломжоор хангадсандаа үзэгч түмний сэтгэл хангалуун байлаа. Ирсэн гийчин буцаж, орсон бороо арилдгын адил халдварт өвчний тархалт зогсож, ирэх жилийн баяр наадмаараа дэнж хотойтол сайхан наадахын бэлгэт сайхан ерөөлөөр энэ удаагийн баяраа өндөрлөн, өвөлжилтийн бэлтгэлээ базаах нөр их ажилдаа Алтай нутгийн ард түмэн ханцуй шамдан орлоо.