2015 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах аргачлал, орон нутгийн төсвийн хэрэгжилийг хангаж ажиллахад анхаарах асуудлуудын талаар сумдын санхүүгийн албаны дарга нарыг хамруулсан нэгдсэн семинарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс  зохион байгуулав.

Семинараар 2015 оны орон нутгийн төсвийн орлого зарлагын урьдчилсан гүйцэтгэл, орон нутгийн төсвийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд гэсэн  ерөнхий сэдвүүдийн хүрээнд 11 асуудлаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Баатарзориг дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Цаашид анхаарах асуудлуудын хүрээнд төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, үр ашгийг дээшлүүлэх, энэ чиглэлээр гарсан Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгавар, зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах, бүх шатанд төсвийн ил тод нээлттэй байдлыг хангах, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, сумдын Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнөх оны төсвийн багцын үлдэгдлийг тодотгохдоо эдийн засаг, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлыг зөв үнэлэх, өмнөх онуудад үүссэн өр, төсвийн жилд үүсч болох санхүүгийн эрсдэл зэргийг урьдчилан тооцож төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах зэрэг асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцлээ.

Уг үйл ажиллагаанд аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Аудитын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба зэрэг байгууллагууд оролцсон бөгөөд семинарын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.