АРДЫН ДУУ БҮЖГИЙН АЛТАЙ ЧУУЛГЫН ДЭРГЭД “ЧҮРЭ” АЛТАЙ ЯТГА ХӨГЖМИЙН ЧУУЛГА БАЙГУУЛАГДЛАА.

2022.10.19

     Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Соёлын үнэт өв зүйлийг хадгалж хамгаалах,түгээн дэлгэрүүлэх, хойч үед өвлүүлэн уламжлуулах" гэх заалтын дагуу аймгийн Засаг даргын санаачилгаар “Ирээдүйд өвлүүлэх өв соёл” Алтай ятга хөгжмийг эгшиглүүлэн өлгийдөн авах үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дэргэд “ЧҮРЭ” Алтай ятга хөгжмийн чуулгыг үүсгэн байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын угсаатны хөгжмийн холбооны тэргүүн, Соёл урлагийн их сургуулийн доктор, профессор, угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэв, АДБА Чуулгын дарга Э.Отгонбаатар тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ:

     “Алтай ятга хөгжмийг эгшиглүүлснээр бид 1400 жилийн тэртээх аялгууг сонсож байгаа нь гайхалтай. Энэхүү Алтай ятга хөгжмийн олдвор дээрх руни бичиг бол өнөөгийн уйгуржин Монгол бичиг гэдэг таамаглалыг дэвшүүлээд эхэллээ. Тиймээс энэ олдвор нь Монголчууд, тэр дундаа энэ Алтайн уулс дунд амьдарч байсан хүмүүс 1400 жилийн өмнөөс бичиг соёлтой байсныг баталсан чухал олдвор юм. Өнөөдөр Говь-Алтай аймагт анх удаа Алтай ятгын чуулга байгуулагдаж, энэхүү хөгжмийн аялгуу та бүхний сонорыг мялаах гэж байгаад маш их баярлаж байна. Энэхүү аялгуу та бүхний зүрхэнд хүрч, Алтайчуудын төрөлх нутаг, Монгол улсаа хөгжүүлэх үйл хэрэгт шинэ мэдрэмж өгч, сэргэн мандалт болох болтугай ” хэмээн онцолсон юм.