2021 оны ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2022.01.14

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД

 ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН  ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН

 ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

 (2021  оны жилийн эцсийн байдлаар)

 

 

2022.01.04                                                                                                    Алтай хот

 

“Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, 18 сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч 23  агентлагт 2021 онд иргэдээс төрийн байгууллага болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээ, тайланг нэгтгэн гаргалаа. Аймгийн албан ёсны цахим хуудас болон, Үйлчилгээний нэгдсэн төвд байх хайрцгаар иргэдээс санал хүсэлт ирээгүй байна.

Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах 1111 төв”-д тус аймагтай холбоотой 13 гомдол, 9 санал, 1 хүсэлт ирж шийдвэрлэгдсэн байна.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр хуралдааны тэмдэглэлд аймаг нийслэлийн Засаг дарга нарт өгсөн даалгаврын дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг бодитой шийдвэрлэх, шат дамжлагыг багасгах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангаж, хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна.

            Аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 26-ны өдрийн А/32 тоот захирамжаар Мэдээллийн ил тод байдлыг хангах, асуудлын шийдэл гарцыг олох, нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын санал, байр суурийг тусгах зорилгоор “Иргэнээ сонсох цаг” уулзалтыг товлон явуулж байна.

ЗГХЭГ-т хүргэгдэж байгаа тайлан мэдээнд тухайн байгууллагын ажилтан, албан хаагчдаас байгууллагын удирдлагад гаргасан ээлжийн амралт, захиргааны чөлөө, цалингийн нэмэгдэл, шилжин ажиллах гэх мэт хөдөлмөрийн харилцаатай холбоотой өргөдөл, тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй холбоотой өргөдөл хүсэлтийг тайлан мэдээнд тусгахгүй байхаар чиглэл өгсний дагуу аймгийн хэмжээнд

- Хөдөлмөр халамжийн үйлчилгээтэй холбоотой   3174,

- Нийгмийн даатгалтай холбоотой 1458,

- Улсын бүртгэлтэй холбоотой  1898,

- Газрын харилцааны асуудлаар 1344,

- Татварын чиглэлээр 98 ,

- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой 620, нийт 8592  өргөдлийг тайлан мэдээнээс хасаж дүгнэсэн болно.

Аймгийн хэмжээгээр нийт өргөдлийн шийдвэрлэлт 99,0%, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 24 хоног байна. Нийт шийдвэрлэгдсэн өргөдлийн 1,6% буюу 49 өргөдлөөс АЗДТГ-т бичгээр ирсэн 7, 7048-1111 тусгай дугаарт  ирсэн 36, сумдын ЗДТГ-т ирсэн 6 өргөдлийн хугацаа хэтэрч шийдвэрлэгджээ. Эдгээр нь ковидын нөхцөл байдалд хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор 14, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 13, хог тээвэрлэлт, цэвэр бохир ус хангамжтай холбоотой 9, газрын маргаантай асуудлаар 3,  хандив тусламж дэмжлэг хүссэн 2, ажилд орохыг хүссэн 1,  холбогдох байгууллагад шилжүүлэн хяналтын хугацаа 1-7 хоногоор хэтэрч шийдвэрлэгдсэн 7 өргөдөл байна.

Нийт өргөдөл гомдлын 22 хувь буюу 669 нь ажилд орохыг хүссэн өргөдөл байна. Аймаг орон нутгийн зүгээс ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн амжиргааг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт батлагдсан Газар тариалан, жимс жимсгэнэ хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд алим, жимс, жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, хүн амыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгохоос гадна тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг бодитойгоор дэмжих нөхцөл бүрдэх юм. Аймгийн Засаг даргын 2021 оны 4  сарын 15-ны өдрийн А/154 тоот захирамжаар Тариалан эрхлэлтийг дэмжих эргэлтийн сангаас иргэд аж ахуй нэгжид 40,0 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна.

Ковид-19 цар тахлын улмаас гүйцэтгэгч болон захиалагчийн хяналт тавих эрх бүхий байгууллагаас ирүүлсэн санал, иргэнээс ирүүлсэн  өргөдлийг  үндэслэн аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  хурлаар хэлэлцүүлэн, аймгийн Засаг даргын 2021.07.23-ны өдрийн А/333 дугаар захирамжаар 13 төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгэх хугацааг 2020.12.01-2021.10.01 болгон сунгалаа. Гэрээний хугацааг сунгасан боловч хил гааль хаалттай, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг шалтгааны улмаас нэмэлт хөрөнгийн санхүүжилт хүссэн 1 өргөдөл ирснийг шийдвэрлэх боломжгүй тул гэрээт ажлыг тендерт заасан тоо хэмжээгээр нийлүүлж, төсөл арга хэмжээг дуусгавар болгох тухай хариуг бичгээр хүргүүллээ.

Ковидын нөхцөлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжтэй холбоотой ирсэн өргөдөл гомдлын дагуу түргэвчилсэн шинжилгээний түр цэгийг нэмж байршууллаа.

Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, албан тушаалаа урвуулан ашигласан гэх асуудалтай холбоотой аймгийн Засаг даргад бичгээр ирсэн  8 өргөдөл гомдлыг судлан үзэж, аймгийн Засаг даргын захирамжаар албан тушаал бууруулсан 1, өргөдөл гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн 1, зөрчлийг арилгах талаар аймгийн Засаг даргын албан мэдэгдэл хүргүүлсэн 1, өргөдлийн дагуу санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн  зөрчлийг арилган хариуцлага тооцох талаар эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн 1, өргөдөлд дурдсан зүйлийн үнэн бодит байдал тогтоогдохгүй байгаа тул эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай хариу мэдэгдэл 4 -ийг тус тус хүргүүлэн ажиллалаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт бичгээр ирсэн тусламж дэмжлэг хүссэн 10 өргөдлөөс эмчилгээний мөнгөн тусламж хүссэн 2 иргэнд аймгийн Засаг даргын захирамжаар нийт 730,0 мянган төгрөгийн дэмжлэгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гарган шийдвэрлэж, 2 өргөдлийг өөрсдийнх нь хүсэлтээр буцааж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийн хэмжээг өөрчлөх боломжгүй талаар хариу мэдэгдэл 1 иргэнд өгч, төсөв санхүү хүрэлцээгүйн улмаас мөнгөн тусламж үзүүлэх боломжгүй талаар 4 иргэнд хариу өгч, Эрх зүйн үйлчилгээний нэгдсэн төв барихад шаардлагатай байгаа тусламж дэмжлэг хүссэн 1 өргөдөлд  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан материал бүрдүүлэх тухай хариу мэдэгдэл хүргэсэн байна.

“Ковидгүй зуны төлөө” уриан дор 1300км зам гүйсэн Б.Болдбаатарт 500,0 мянган төгрөгийн дэмжлэгийг аймгийн Засаг даргын бэлтгэл хөрөнгөөс гаргаж өгсөн тухай урамшуулал дэмжлэг өгөхийг хүссэн 3 иргэнээс утсаар ирсэн саналд хариу мэдэгдлээ.

Сумдын  иргэдээс ирсэн 17 хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 3 сарын 30-ны өдрийн А/126 тоот захирамжаар Өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, сумдад нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.

Хот тохижилт амьдрах орчны чиглэлээр 190 өргөдөл ирснээс хог тээвэрлэлттэй холбоотой 104 өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлэлээ. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт 5тоннын даацтай 3 ширхэг Кама маркийн хог тээврийн автомашин нийлүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж 99,0 сая төгрөгөөр 2022 оны 01 сарын 25-нд нийлүүлэх гэрээг шалгарсан компанитай байгуулаад байна. Дэлхий нийтээр тархсан ковид-19 цар тахлын хатуу хөл хорио сунгагдаж, импортоор ирэх бараа материал удааширч байгаатай холбогдуулан дээрх хугацааг 2022 оны 1-дүгээр улиралд нийлүүлэхээр хүлээгдэж байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ирсэн хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 77 гомдол мэдээллийг судлан, албан тоотоор сумын хамтарсан багт шилжүүлэн, арга зүйн зөвлөмж өгч, кейс шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Нийт хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага мэдээллийн 74% нь гэр бүлийн орчинд, 18,2% нь боловсролын орчинд  үйлдэгдсэн байна. Хэлбэрийн хувьд сэтгэл санааны хүчирхийлэл 35,1%, үл хайхрах хүчирхийлэл 29,9%, бие махбодийн хүчирхийлэл 20,8%, бэлгийн хүчирхийлэл 10,4% байна.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар улирал бүрийн нэгдсэн дүнг аймгийн албан ёсны сайт, Үйлчилгээний нэгдсэн төвийн самбарт байршуулж, иргэдээс санал хүсэлт ихээр ирж байгаа асуудлын талаар орон нутгийн Алтай телевиз болон аймгийн Засаг даргын Тамгын газрын фэйсбүүк хуудсаар аймгийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд мэдээ мэдээлэл, тодруулгыг цаг тухай бүрт нь өгөн ажиллаж байна.

           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

           

 

           ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР    

 

  

 

 

-----оОо-----