Аймгийн төрийн сангийн ажилтны “Төсвийн хэрэгжилт, хяналт, хариуцлага” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт- Аудитын алба, Худалдан авах ажиллагааны алба, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Орон нутгийн өмчийн алба, төсвийн байгууллагын нягтлан бодогч нар, сумдын “Санхүүгийн алба” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга “2014 оны санхүүгийн үйл ажиллагаа, түүний үр дүн”-ийн талаар товч мэдээлэн улс, орон нутгийн эдийн засаг, төсвийн хүндрэлийг даван туулахад санхүүгийн ажилтнуудын санаачлага, идэвх зүтгэл, тасралтгүй мэдээлэл чухал болохыг онцлов.
Түүнчлэн 2014 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, 2015 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Баатарзориг дэлгэрэнгүй илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Зөвлөгөөнөөр 2014 онд дэвшүүлсэн “Төрийн сангийн дотоод хяналтыг төлөвшүүлэх” зорилтын хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, түүний үр дүн, төсөв санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, хяналт гэсэн багц асуудлын хүрээнд тавигдсан 13 илтгэлийг хэлэлцэж цаашдын бодлого, зорилтоо тодорхойлсны зэрэгцээ 2015 оныг “Төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, ил тод байдлыг тэргүүн зэрэгт тавих” зорилтыг дэвшүүлэн уг зорилтыг хангах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх бодлогын хүрээнд аймгийн Засаг даргын албан даалгавар, зөвлөмж гаргахаар шийдвэрлэв. 



