Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс хамтран нийслэл хотод “Алтайн өдрүүд” арга хэмжээг долоо хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
Говь-Алтай аймгийн онцлог, түүх соёл, ард иргэдийн амьдралыг сурталчлах, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл нээх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, аймгийн хөгжлийн гарцыг илүү тодорхой болгох зорилгоор явуулах уг арга хэмжээнд бүх сумууд, үйлдвэр аж ахуйн газрууд оролцож байна. Алтайн өдрүүдийн хүрээнд бүх сумдаас шилдэг шатарчин 36 тамирчин ур ухаанаа уралдууллаа. “Хос мастер” шатрын академи дээр болсон уг тэмцээнд эмэгтэйчүүдээс Баян-Уулын сумын тамирчин Б.Эрдэнэцэцэг түрүүлж, Жаргалан сумын С. Маралгуа, Хөхморьтын Д.Номин нар удаалсан бол эрэгтэй шатарчдаас Жаргалан сумын Т.Гандуулга тэргүүлж, Дарви сумын Б.Гантулга, Бигэр сумын Б.Төмөрбаатар нар хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна.