Аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн ажилтан А.Алтанхуяг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн хэлтэс, тасгийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 04 сарын 20-ны өдрөөс 05 сарын 01-ний өдрүүдэд баруун бүсийн Халиун, Төгрөг, Бугат, Алтай, Цээл, Цогт, Баянтоорой, Эрдэнэ, Чандмань, Бигэр сумын төсөвт 45 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалтыг явуулахад Архивын тухай хууль, MNS:5140:2011 баримт бичгийн стандарт, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, байгууллагын архивын ажлын үндсэн заавар, баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт, Боловсрол, Эрүүл мэндийн салбарын баримт бичгийн нэр төрөл, хадгалах хугацааны жагсаалт зэрэг эрх зүйн акт, арга зүйн баримт бичгүүд, аймгийн Засаг даргын 2014 оны А/88 дугаар захирамжаар батлагдсан удирдамжийг баримтлан 2014 онд явуулсан үзлэг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг үзэж шалгалаа.
Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг сайжруулахад анхаарч Цээл, Чандмань сумын Засаг даргын Тамгын газар архивын нягтруулсан шүүгээ, тавиур авсан, архивын программын компьютер, скайнер авсан, Алтай сумын төсөвт байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах сарын аян зарлаж дүгнэсэн, Халиун, Алтай, Чандмань сумын Засаг даргын Тамгын газар Архивын тасгаас ажилтан авч архивын программын дадлагажуулах сургалт зохион байгуулсан, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар архивын зориулалтын тавиур шүүгээ, компьютер, скайнер авах тооцоо гаргаж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллаж байгаа зэрэг ололттой ажлуудыг хийсэн байна.
Цээл сумын Засаг даргын Тамгын газар 2014 онд 3.2 сая төгрөгөөр 4 секц архивын нягтруулсан шүүгээ авч архивын баримтын хадгалалт хамгаалалтыг сайржуулсан нь:
Хяналт шалгалтаар байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд дараах нийтлэг зөрчил байна.Үүнд: Баримт бичгийн утга найруулга зүй, зөв бичгийн дүрэм, баримт бичгийн стандартад заасан бүрдлийг хангаагүй баримт бичгийг дарга нар баталгаажуулсан, захирамжлалын баримт бичгийн эрх зүйн үндэслэлийг буруу гаргасан,
санамжид байгаа мэдээллийг эрж хайх тэмдэглэл бүрдлийг стандартад зааснаар бичээгүй, боловсруулсан, хянасан тэмдэглэлд гарын үсэг зураагүй, тушаалын хавсралтад тэмдэг дараагүй, байнга, түр хадгалах баримтын бүртгэлийг зааврын дагуу үйлдээгүй, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтад ажилтнуудын хөтлөгдөх хэргүүдийг бүрэн тусгаагүй, баримт бичиг нягтлан шалгах комиссын үйл аижллагаа тогтмолжоогүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Цаашид зөрчилтэй боловсруулан баталгаажуулсан баримт бичгийг холбогдох цахим хуудас, fecebook хуудсанд байршуулах, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хариуцлага тооцохыг сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт анхаарууллаа.