Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо.

2018.01.27

Өвөлжилтийн нөхцөл, байдалтай танилцах, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нараар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт хандан мал аж ахуйн өвөлжилтийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг танилцуулж, тодорхой санал, хүсэлтийг тавилаа.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас -1 градусаар илүү хүйтэн байх төлөвтэй байгаа тул улсын нөөцөөс өвс, тэжээл нэмж өгөх, аймгийн нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагад явах зориулалттай машин олгох, Алтай, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгох, аймгийн Онцгой байдлын газарт зам даваа онгойлгоход зориулан ковш олгох хүсэлтийг тавилаа.

Мөн тус аймгийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэр өвлийн оргил ачааллын үед 2-2.4 мВт дутагдалтай байдаг. Иймд Тайшир-Есөнбулаг чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВ болгон өргөтгөх, Алтай сум, Баянтоорой тосгон нарны цахилгаан станц, дизель станцыг хослуулан өдөрт 10-13 цаг цахилгаан эрчим хүчээр хангагддаг бөгөөд шөнийн цагт цахилгаангүй байна. Иймд тус сум, тосгоны түлшний татаасыг нэмэгдүүлэх, Алтай хотын дулаан хангамжийг хариуцан ажилладаг “Мандал Голомт” ХХК-ийн нэгдсэн халаалтын 2-р зуухны үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс сар гаруй хугацаанд доголдсон. Иймд Алтай хотод дулааны станц барих ажлыг яаралтай эхлүүлэх зэрэг санал хүсэлтийг аймгийн Засаг дарга С.Гансэлэм тавилаа.

Аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлт, саналтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар хариулт, тайлбарыг өглөө. 

Хурлын төгсгөлд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, аймгийн Онцгой комиссын гишүүдэд хандан, тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

“Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад шат шатандаа анхаарах, хамтарч ажиллах, мэргэжлийн байгууллагууд харилцаа уялдаа холбоогоо сайжруулах, мэдээ мэдээлэл солилцоход анхаарч ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна, оторт яваа малчдаасаа мэдээлэл тасарчихсан, ямар ч холбоогүй байгаа тохиолдол ч сонсогдож байна” гээд малчдад цаг агаарын мэдээллийг хүргэх, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэж ажиллах, дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахыг анхаарууллаа.

Отроор явсан малчид хавар буцаж ирэхдээ өвчний голомттой нутгаас халдвар тээж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хөрш зэргэлдээ аймаг, сумдаас малын гоц халдварт мялзан, шүлхий өвчний  өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт, малын вакцинжуулалт болон вакцины чанарт онцгой анхаарахыг үүрэг болголоо.  

аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой улсын нөөцөөс 370 тонн өвсийг үнэгүйгээр, 280 тонн тэжээлийг  50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө. Мөн , аймаг, орон нутгийн удирдлагуудаас тавьсан саналыг үндэслэн 100 тн өвс, 100 тн тэжээлийг нэмж олгохоор газар дээр нь шийдвэрлээ.