Нүүдэлчин монгол-2018 соёлын биет бус өвийн их наадам Хүй долоон худагт болж байна.

2018.08.13

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин монгол” наадам өнөөдөр /2018.08.11/ Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт эхэллээ.
Тус наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд соёлын биет бус өвийн зүйлүүд, тэдгээрийг өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.
“Нүүдэлчин монгол” наадамд оролцож буй ардын авьяастнууд Хүй мандалын дэнжит аймаг аймгаараа отоглон бууж таван өдрийн турш өөрсдийн онцлог бүхий өв соёл, зан заншил, язгуур урлагаа сурталчлан таниулж, урлагийн тоглолтоо толилуулж өрсөлдөх юм. Мөн үндэсний спортын тамирчид үндэсний бөх, халх, буриад, урианхай сурын харваа, зэвт харваа, морьт харваа, үндэсний шагайн харваа, монгол шатар зэрэг төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорино. 
Энэ жилийн наадамд манай аймгаас аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан үндэсний урчууд, урлаг, спорт зэрэг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.