Мерси Кор ОУБ-ын хэрэгжүүлж буй

“ Төрийн худалдан авах ажиллагааны ил тод өрсөлдөөнт тогтолцоог бэхжүүлэх нь”

төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт болов.

Уг уулзалтад АИТХ, АЗДТГ-ын дарга, Худалдан Авах Ажиллагааны алба, Хөгжлийн Бодлогын хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд, Есөнбулаг сумын ЗДТГ, дэд тэтгэлэгээр төсөл хэрэгжүүлсэн ИНБ-ууд, ХМБ-уудын төлөөлөл оролцож төслийн үр дүн, арга зүй, бэрхшээл, сургамжийн талаар мэдээлэл сонсож  төслийн цаашдын тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мерси Кор ОУБ Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “ Төрийн худалдан авах ажиллагааны ил тод өрсөлдөөнт тогтолцоог бэхжүүлэх нь” ( ICOGS-Improved Competitive Outsourcing of Government Services)  төслийг 13 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 оны 2 сарын 27-нд Говь-Алтай аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан Аймгийн Худалдан авах ажиллагааны албатай хамтран Есөнбулаг, Шарга, Баян-уул сумдыг зорилтот сумаар сонгон хамтран ажиллаж байна.

 

Төслийн хүрээнд сургалт зөвлөгөө, уулзалт хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн, мэдээлэл сурталчилгаа, хяналт мониторинг зэрэг нөлөөллийн үйл ажиллагаа түлхүү явуулан нийт 45 үйл ажиллагаанд давхардсан тоогоор 9000 гаруй хүн хамруулан дараах 3 гол зорилтыг биелүүлэн ажиллалаа. Үүнд:

  1. Бизнес  эрхлэгч, иргэд  төрийн  худалдан  авах ажиллагааны бүрэн мэдээллийг цаг тухайд нь авах мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  2. Төрийн худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулах орон нутгийн төрийн болон худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх
  3. Төрийн худалдан авах ажиллагааны явц болон гэрээний гүйцэтгэлд иргэд, олон нийт хөндлөнгийн хяналт тавих чадавхийг сайжруулах

           

Хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа ба үр дүн:

  • Төслийн хүрээнд Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлдэх сургалт зохион байгуулан төр, ИНБ-ын төлөөлөл нийт 99 хүн хамруулсанаас 43 хүн тэнцэж  А3 гэрчилгээ авч тендерийн үнэлгээ хийх эрхтэй болсон байна.
  • Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны ажилтануудыг чадавхижуулах тухайлбал ХААА-ны мэргэжилтэнийг  Б5  гэрчилгээ (мэргэшсэн ажилтан сургах)олгох сургалт, Худалдан Авах Ажиллагааны Ерөнхий газартай хамтран явуулсан цахим сургалтуудад хамруулах, мөн түүнчлэн Ховд аймагт болсон баруун аймгуудын туршлага судлах аялалд албаны дарга мэргэжилтнүүдийг оролцууллаа. 2014 оны 10 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Сайн засаглалын үндэсний форумд албаны дарга Т. Баттөмөр оролцсон байна.
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, явц, гүйцэтгэлийн мэдээллийг улирал бүр орон нутгийн сонинд мэдээлэх, тендер, цахим тендер болон тендерт хэрхэн оролцох талаар ТВ-ээр сурталчилах, АЗДТГ-ын нээлттэй өдрийн хүрээнд цахим тендерийн тухай CD-г олшруулах зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
  • Мэдээлэл түгээх аяныг 2013, 2014 онд 2 удаа зохион байгуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, мэдээлэлийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиудыг сурталчилан зорилтот сумдын төрийн байгууллагын ажилтнууд, иргэдийн дунд Дэвжээ тэмцээн зохион байгуулав.
  • Зорилтот сумуудад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх ажлыг удаа дараа зохион байгуулж  сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах, тендерийн бичиг баримтад дүн шинжилгээ хийж зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
  • Төслийн хугацаанд “Биндэр Атас Богд”, “Үнэлэмж Алтай”, “Алтай Швейцарь сан”, “Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын Говь-Алтай салбар” зэрэг 4 ИНБ-д нийт 14,5 сая төгрөгийн тэтгэлэг олгож зорилтот сумын иргэдийн Худалдан авах ажиллагааны тухай мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, сумдын зохионбайгуулсан тендерийн төлөвлөлт, явц, гүйцэтгэлд иргэдийн оролцоотой хяналт хийх, холбогдох шийдвэр гаргуулан төрийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг нийт 41 үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 9000 орчим хүн хамрагдсан байна.
  • 15 аймгийн худалдан авах ажиллагааны сайн туршлагын томхимол хэвлэгдэж төслийн үр дүнг бусад сумуудад түгээнэ.

Цаашид төслийн үр дүнг тогтвортой үргэлжүүлэх, худалдан авах ажиллагааны мэдээллийг ил тод хүртээмжтэй болгох, төр, ИНБ, иргэдийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр уулзалтад оролцсон хүмүүс хэлэлцэж дараах санал санаачилгуудыг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

  • Аймгийн худалдан авах ажиллагааны алба сар бүр Худалдан Авах ажиллагааны явц гүйтэтгэлийг e-procurement.mn болон аймгийн вэб сайтад давхар мэдээлж байх. Мөн түүнчлэн мэдээллийн хуудас, брошур хэлбэрээр мэдээллийг тогтмолжуулах, байнга шинэчлэх
  • Сумуудад Худалдан Авах ажиллагааны төлөвлөгөөг ИТХ-аар батлахдаа зохион байгуулах журам, аргатай нь батлан түүнийгээ дагаж мөрдөж байх талаар аргазүйн дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө журмыг баталдаг сумын иргэдийн төлөөлөгчдийг худалдан авах ажиллагааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарах,  хуулийн хүрээнд аль болохОлон нийтийн буюу иргэдийн бүлгүүдээр гүйцэтгүүлэх боломжоор хангах зэргээр мэргэжил аргазүйн зөвлөгөө тогтмол өгөх
  • АЗДТГ, АИТХ хамтран ярилцаж төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн гурван талт түншлэлийн зөвлөлийг эргэн сэргээх, үйл ажиллагааг тогтмолжуулах, ИНБ-уудаар гүйцэтгүүлэх ажлыг шийдвэрлүүлэх
  • Худалдан авах ажиллагааг төлөвлөх, явц гүйцэтгэлийг иргэдийн оролцоотой хянах журам АИТХ-аар хэлэлцэж батлах болон зорилтот сумдад хэрэглэж байгаа журмыг сайжруулан аймагт нэг журам мөрдөх боломжийг судлан хэрэгжүүлэх