Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн 25-д “Улсын хүн ам саяар нэмэгдэх бүрт сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх” заалтыг үндэслэн Үндэсний статистикийн хороо Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая болж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-31 тоотод оршин суугч Монгол Улсын иргэн Энхтүвшин овогтой Хатанболд, Ганбат овогтой Аззаяа нарын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охиныг гурван сая дахь иргэнээр тодрууллаа.
Гурван сая дахь иргэнийг манай улсын хүн амын тооны албан ёсны статистикийн мэдээлэл болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэнд, спортын яамны мэдээлэлд үндэслэн НҮБ-ын Статистикийн хэлтсээс зөвлөмж болгосон стандарт арга, аргачлалын дагуу ил тод, нээлттэй байдлаар тогтоосон.
Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр нийт 180 чацуутан мэндэлсэн байна.180 чацуутны дотор Манай аймгаас Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн В.Бямбаюу, О.Ганчимэг нарын охин /2015 оны 01 сарын 24-ний 11:41минут/, Бугат сумын Баянгол багийн иргэн Б.Дүгэр, С.Отгонбор нарын хүү /2015 оны 01 сарын 24-ний 12:29минут/ тодорлоо.
