Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25.1, 25.2 Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төсвийн тухай хуулийн 5.1 дэх хэсгийн заалт, Монгол Улсын Шадар сайдын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр тушаал, ОБЕГ-ын даргын 2014 оны 06 дугаар сарын13-ны өдрийн А/159 тоот тушаалыг тус тус үндэслэн Онцгой байдлын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн А/76 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Онцгой байдлын хэлтсийн сүлд тугийг хийж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр заллаа.

Онцгой байдлын албаны туг нь Тэнгэрээс заяат Их эзэн Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулан явахдаа цэргийн их хар сүлдийг ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн зориг хүчийг бадруулан шүтээн болгон тахиж баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө Цэрэг арми, Дотоодын цэрэг, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага уламжлан авч Монгол улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болгон залж ирсэн.

Өнөө цагт ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө гамшиг осолтой өдөр тутам, цаг ямагт амь насны өндөр эрсдлийг дагуулж, тэмцэж ажилладаг, Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын хүндэтгэн дээдлэх ариун шүтээн золбоо хийморь, нэр төр, алдар гавъяаны бат илэрхийлэл болгон Онцгой байдлын хэлтсийн тугыг залж байна.

Тугийн сүлдний дээд хэсэгт байгаа гилбэр нь эртний монгол цэргийн үндсэн зэвсэг, нум сум, сумны зэвний хэлбэртэй байна. Энэ нь Онцгой байдлын албан хаагчийн шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зориг тэвчээрийг билэгдэж байгаа юм.

Тугны оройн хэсэг нь туурга тусгаар Монгол Улс гэсэн утгыг илэрхийлж монгол гэрийн хэлбэртэй байна. Гэрийн гадуур алхан хээгээр хүрээлэх бөгөөд энэ нь мөнх орших, өөдлөн дэвжихийг билэгдэнэ.

Залааг цагаан зүсмийн азарганы хөхөл дэлээр хийсэн нь ард олон аюулт үзэгдэл, осол эндэгдэлгүй, түвшин амгалан байдлыг билэгдэнэ.

Дөрвөн хөх бүч нь ард олныг гамшигт үзэгдлээс хамгаалсан Онцгой байдлын албыг төлөөлсөн өнгөний илэрхийлэл юм. Дөрвөн бичийн хооронд бүслүүрээр холбож зэвэрдэггүй мөнгөн толиор бэхэлсэн нь 4 зүг 8 зовхист Онцгой байдлын байгууллагын бат оршихуйн илэрхийлэл болно.

Далбааг  огторгуйн хөх өнгө, газарт усны гүн цэнхэр өнгөтэй байх бөгөөд 3 хэл нь өнгөрсөн, одоо, ирээдүйг төлөөлж, хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийг бэлэгдсэн шар өнгөтэй байна.

Тугийн нүүрэн талд Монгол улсынхаа төлөө гэсэн худам монгол бичиглэлтэй байх ба ар талд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтэс гэсэн бичиг байна