“БУЯНТАЙ ЭЭЖ-2019” ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2019.03.06

        Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэний нийгмийн байгууллагын нэгдсэн зөвлөл, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамтран “Буянтай ээж-2019” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг 19 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг  нар оролцож алдраа үрс, алдар гавьяаны одонгоор энгэрээ чимсэн хүндэт ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэсэн юм.

           Энэ үеэр хөдөлмөр зүтгэлээрээ  нутгаа хөгжүүлж, үр  хүүхдээ  өв тэгш хүмүүжүүлж, Алтай нутгийн зон олондоо хүндлэгдсэн Гүнсэгийн Цэвэлмаа, Түдэвжавын Должмаа, Дүгэржавын Ичинхорлоо, Түдэвийн Цэдэв, Чимэдцэрэнгийн Цэрэнсодном, Намсрайн Мөнгөнхуяг, Шагжийн Загдсүрэн, Даянгийн Амгалан, Шагдарын Дулмаа нарт “БУЯНТАЙ ЭЭЖ-2019” Өргөмжлөлийг хүндэтгэн гардуулав.

         Мөн Улсын  Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дээрх нэр бүхий 9 ээжид “Байгаль нуур-Итгэлд хамба”-д аялах эрхийн бичгийг илгээж мэндчилгээ ирүүлснийг бие төлөөлөгч Б.Эрдэн-Очир гардууллаа. Түүнчлэн аймгийн Цэргийн штабаас 5-с дээш хүүхэд нь цэргийн алба хаасан Буянтай ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.