ЗАСАГТ ХАН, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ, АЛТАЙ АЙМАГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙН ХАМААРАЛ
Судлаач, сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэд
Өмнө илтгэл тавьсан эрдэмтэн мэргэд маань өнөөгийн Говь-Алтай аймаг нь Хуучны Засагт хан аймгийн голомт нутаг болохыг олон талаар нотлон ярилаа.
Үүнд нэмэр хамжаа болох хоёр гурван зүйл хэлье.
Нэг: Засагт хан, Хантайшир уулын аймаг, Алтай аймаг, Говь-Алтай аймгийн газар нутгийн хамаарал
Манжаас өмнөх үеийн Засагт ханы газар нутаг
Юуны түрүүнд Халхын хангууд гэдэг ойлголт хэзээнээс түүхэнд тэмдэглэгдэх болсон, Засагт ханы үүсэл болон түүний газар нутгийн хил хязгаарын байдал зэрэг нь сонирхол татаж байна.
Төв Монголын түүхэнд анхны гурван хан цолтон гарч ирсэн нь 1500 –аад оны төгсгөл үе юм. Энэ бол Хаан, эсвэл Бага хаад биш болно. Хан нь бүс нутгийг эзэмших, засаглан захирах хийгээд зарим тохиолдолд хоорондоо холбоолон холбооны улс байдалтай ч байж болох статус, эрх мэдлийн хуваарилалт гэж ойлгогдож байгаа.
1587 ондАр монголд Шарын шашныг дэлгэрүүлэх үйлсэд их хүчин зүтгэсэн Абтайсайн хан Төвдийн шашны тэргүүнээс ОчирваанийнхувилгаанОчирайтүшээтханцолхүртсэн ажээ.Түүнтэй эн зэрэгцээд баруунгарын ноён Гэрсэнз хун тайжийн ууган хүү Ашихайн ач хүү Баяндарь хун тайжийн хоёрдугаар хүү Лайхурт/1562 – 1600, 1610/ Далай ламаас халхын Засагт хан хэмээх цол өгчээ.
Газар нутгийн хувьд Ашихайдарханхунтайж, НоёндойХатанбаатар, Далданхөндлөн, СамунарынэзэмшилдөрвөнхошууЗасагтханы үндэс язгуур болсон байна.
Анхны Засагт ханы эзэмшил нутаг нь зүүн талдаа Орхон, Онги/Өнөөгийн Өвөрхангай аймгийн нутагт буй Онгийн гол мөн эсэхийг тодруулах/, баруун талдаа Хар – Ус нуур, Цэнхэр номингийн говийн урд хаяа, Мичингийн уулын бэл хүрч, өмнө талдаа их хар элсний хаяа, зарим газраа Цагаан хэрэмд дөхөж, /өнөөгийн Эзнээ голын торгуудуудын нутаг/, хойт талдаа Хөвсгөл далай хүрч, өргөн уудам нутгийг хамарч байжээ. Өнөөгийн байдлаар авч үзвэл Говь-Алтай, Баянхонгор аймаг бүхлээрээ, Өвөрхангай, Завхан аймгийн ихэнх, Хөвсгөл, Увс аймгийн өмнө, Ховд аймгийн зүүн хэсэг орж болохоор харагдана.
Манжийн үеийн Засагт ханы газар нутаг
Халх түмэн Манжийн эрхшээлд бүрэн орсны дараа Манжийн хаан Энх-Амгалан Түшээт хан, Засагт ханы нутгаас тасалж Сайн ноён хан аймгийг байгуулаад, өөрийн хүргэн тавнан Дашдондовтоо захируулсан гэдэг. Түүх сурвалжид Сайн ноён хан аймгийг байгуулахад Түшээт ханаас их нутаг тасалсан гэдэг боловч дээрх Засагт ханы анхны хил хязгаар болон Сайн ноён хан аймгийн хил хязгаарыг харвал харин ч ихэнхдээ Засагт ханаас тасалж өгсөн бололтой байдаг. Юутай ч Манжийн үед, ялангуяа Засагт хан, Түшээт хангуудын хямралын үед Засагт хан аймаг нь зүүн талаасаа ихээхэн газар нутгаа алджээ. Мөн хүчин буурсан Засагт ханы нутгийн өмнө талаас нь таслан Эзнээ голд торгуудуудыг суурьшуулсан гэдэг.
Тухайн үеийн Засагт ханууд эрх мэдэл, цэрэг зэвсэг, эдийн засгийн хүчин нэн өндөр, баруун талаараа Зүүнгарын хаант улстай шууд хиллэж, дорнод Туркестантай ч худалдаа харилцаатай байсан учир Манжийн тал Халхын хангууд дотроос Засагт ханаас юу юунаас илүү болгоомжилж байжээ. 1640 онд Улаанбураад болсон Ойрд, Халхын ноёндын чуулганд Халхын Ноёдыг Засагт хан Субадай тэргүүлэн очиж байсан төдийгүй уг хуралдайг тэргүүлж, мөн Ойрдуудтай ойр сүлбээтэйн дээр Хөхнуурт цэрэглэн довтолж ч байсан байдаг. Тэр үед Засагт хан Субадай Эрдэнэ хэмээх өргөмжлөлийг хамтатган хэрэглэж байжээ. Тиймээс Түшээт ханаас илүүгээр Засагт ханы хүчийг задлах бодлогыг манжийн тал эрхэмлэх нь тодорхой юм.
Ингээд 1692 оноос Засагт ханыг “аймаг” хэмээн статусыг нь хувь бууруулан нэрлэжээ. 1758 онд Амарсанаагийн бослогыг дарсны дараа Манж нар Засагт хан аймгийн баруун хязгаарийг шинэчлэн тогтоосон гэсэн байна.
Манжийн эрхшээлд байх үеийн Засагт ханы газар нутгийг “Зарлигаар тогтоосон Гадаад монгол, Хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шаштир” хэмээх зүүн этгээдэд Онги, Шаргалзуут/өнөөгийн Баянхонгор аймагт буй/, баруун этгээдэд Хар –Ус, Элэг нуур, Умар этгээдэд Түйн гол, өмнө этгээдэд Арц хар толгойд зах нийлнэ гэжээ. Энэ нь өнөөгийнхөөр Говь-Алтай аймгийн бүх нутаг, Ховд, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Завханы зарим хэсэг нутгууд хамрах ажээ. Манж хаадын нийслэлж байсан Бээжингээс Засагт ханы нутаг хүрэхэд 4000 илүү газар зайтай гэсэн нь 2100 орчим км юм.
Чухам энэ үеэс өнөөгийн Говь-Алтай аймгийн газар нутаг нь Засагт хан аймгийн газар нутгийн гол төвлөх хэсэг болж иржээ.
Зураг 1:
Богд хаант Монгол улсын үеийн Засагт ханы газар нутаг
1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдахад өмнөх Манжийн засаглалын үеийн газар нутгийн хил хязгаар онцын өөрчлөгдөөгүй хуучнаараа өвлөгдсөн бололтой байна.
Зураг 2.
Ардын Засгийн газрын эхэн үеийн Хантайшир уулын аймгийн газар нутаг
1923 оны эхээр Ардын Засгийн газраас гаргасан Засаг захиргааны нэгжийн шинэ дүрмийн дагуу мөн оны 10 сарын 19-ны Засгийн газрын хуралдаанаар Халхын 4 аймгийн нэрийг уулын нэрээр өөрчлөхөд Засагт хан аймаг нь Хантайшир уулын аймаг болон нэрээ сольсон ч аймгийн болон хошуудын хуучин хил хязгаарын зэст төдийлөн өөрчлөлт орсонгүй. Харин хошуудыг дотор нь баг, сумууд болгон шинэчилсэн зохион байгуулалт хийсэн байдаг. Тэр үед Хантайшир уулын аймаг нь 72 сумтай байсан гэсэн мэдээ бий. Мөн аймгийн чуулганыг аймгийн яам гэж өөрчилжээ.
Зураг 3.

Алтай аймгийн газар нутаг
1923 оны аймгийн зохион байгуулалт нь хэт том, орон нутагтай харьцах, засаг захиргааны үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болсон учир 1931 онд 11 аймаг цоо шинээр байгуулахад Хантайшир уулын аймгийн голлох газар нутагт 18 сумтай,108 баг, 10025 өрхтэй, 1.2 сая малтайАлтай аймаг байгуулж, Хантайшир уулын аймгийн бусад хэсгийг өөр аймгуудад шилжүүлжээ. Энэ хуваарилалтийг өнөөгийн Говь-Алтай аймгийн газар нутагтай харьцуулж үзвэл тун ойролцоо байгаа болно. Аймгийн төв нь Цагаан-Оломд байжээ.
Зураг 4.
1934 оны 3 сарын 9-нд Алтай аймгийг татан буулгаж, Завхантай нийлүүлжээ.
1940 оны 11 сарын 10-нд эргэн Завхан аймгаас салгаж, Говь-Алтай нэртэйгээр 20 сум, 130 баг, 43 000 хүн ам, нэг сая малтайгаар сэргээн байгуулсан байна. Энэ үед Говь-Алтай аймагт Баянхонгорын баруун захын хэдэн сумд харьяалагдаж байжээ.Гэвч удалгүй Баянцагаан, Баян-Өндөр, Бууцагаан, Хүрээмарал зэрэг сумдыг Баянхонгорт шилжүүлсэн байна.
1943 онд Завханаас Баян-Уул, 1955 онд Хөхморьт, Жаргалан сумд тасарч Говь-Алтай аймагт нэгдсэнээр аймгийн өнөөгийн газар нутаг бий болсон байна.
Завханаас буцаж ирсэн эхний жил аймгийн төв нь Хантайшир уулын ар бэлд ойрхон Олон нуурт төвлөж, 1941 онд нүүж Хантайшир уулын өвөр бэлд гарч Халиуны хоолойн Халиун голын эхний дэнжид нэгжил болжээ. Тэгээд 1942 онд дахин нүүж, өнөөгийн буй Есөнбулагт ирж төвхнөсөн байна.
Хоёрдугаар хэсэг.
Засагт хан аймгийн төв нь хаана байсан бэ?
Энэ асуудлыг тодруулах хоёр зүйл бий.
Нэгд, Засагт хан аймгийн голлох хошууны байршил.
Засагт хан аймгийн голлох хошуу нь Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу юм. Энэ хошууг 1691 онд анхны Халх долоон хошууны нэг болох ноёнтой Хатанбаатар ноёны хошуунаас тасалж байгуулжээ. 1691-1732 онд халхын өрнө замын баруун гарын зүүн этгээдийн хошуу, 1732-1923 онд Эрдэнэ бишрэлт Засагт ханы хошуу, 1924 оноос Хантайшир уулын хошуу нэртэй болсон байдаг. Уг хошууны газар нутаг нь өнөөгийн Тайшир, Халиун, Дэлгэр зэрэг Говь Алтай аймгийн төв Алтай хотыг тойрсон цөөн хэдэн сумд юм.
1923 оны 10 сарын 19-ны Засгийн газрын хуралдааны дараахан 10 сарын 24-нд Хантайшир уулын хошууны чуулган Хантайшир уулын Жаргалант гол гэдэг газар хуралдан, хошуундаа 11 сум шинээр байгуулж, хошууны даргаар Засагт хан Цэрэнгомбожавын ганц хүү 8 настай Ванчинжавыг сонгож байсан байдаг.
Энд дурдагдсан Жаргалант гол нь аймгийн төвөөс холгүй, Хантайшир уулын ар бэлд байх Ар Гүүбариач орчимд бий. Мөн Мөн Эрдэнэ бишрэлт Засагт ханы хүрээний туурь нь ч тэнд байгаа билээ.
Хоёр, Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг болон хошууны чуулган хаана болдог байсан бэ?
Энэ үедтэй холбогдох нэгэн магадлан тодруулмаар зүйл байдаг нь 1912 онд Засагт хан Содномравдан бээр 1724 оноос хойш өвлөгдөн ирсэн аймгийнхаа чуулганы “Заг голын Бидэрьяа нуурын чуулган” нэрийг өөрчилж өгөхийг Богд хаанд айлтгаж, “Хантайшир уулын чуулган” хэмээн өөрчлүүлж байжээ.
Үүнийг зарим судлаачид “Засагт хан аймгийн чуулган чуулдаг газар нь өнөөгийн Баянхонгор аймгийн Заг сумын нутагт байх Бидэрьяа нэрт нуур юм” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломгүй санагдана.
Заг сумын нутаг нь манжийн үеийн Засагт ханы нутагт байдаггүй. Тэр үед Засагт хаанаас тасалж байгуулсан Сайн ноён ханы нутагт орох юм. Аймгийнхаа чуулганыг өөр аймгийн нутагт очиж хийнэ гэдэг байж боломгүй.
Дээрх Содномравдан хангийн өргөсөн бичигт Чуулган хийдэг газрыг өөрчилж өгөх тухай бус Чуулганы оноож өгсөн нэрийг өөрчилж өгөхийг хүссэн байна.
Чуулганаа өөрийн нутгийн голлох хошуунд хийж байсан нь ойлгомжтой.
Эндээс зарим нэгэн таамнал хийхэд, юуны өмнө Засагт ханы чуулган нь хэдийгээр “Заг голын Бидэрьяа нуурын чуулган” нэртэй ч угтаа Заг голд чуулганаа хийдэггүй байсныг харуулна.
Манжийн эрхшээлээс өмнөх анхны Засагт ханы нутагт энэхүү Заг гол нь бүрэн орж байсан, мөн халх ойрдын ноёдын их чуулган Заг, Байдрагийн Хүрэн Бэлчир хэмээх газар болж байсан зэргээс үүдэн эхэн үеийн Засагт ханы чуулганыг энэхүү Бидэрьяа нуурт хийдэг байсан нь хожим манжийн үед ч уг нэрээрээ уламжлагдан үлдсэн байх магадлал өндөр юм. Мөн манж нар 1724 онд Засагт хан аймгийн чуулганы газрыг “Заг голын Бидэрьяа нуурын чуулган” хэмээн нэрлэж байх үед уг нутаг нь Сайн ноёны нутагт бүрэн шилжээгүй, Засагт хандаа хуучин хэвээр хадгалагдаж байсан эсэхийг цаашид нарийвчлан судалж үзүүштэй байгаа юм.
Манжийн төрийн Гадаад Монголын төрийг засах явдлын яамны 1817 оны хууль зүйлийн бичигт ч Засагт хан аймгийн 19 хошууны чуулганыг мөн “Халхын Заг голын эх Бидэрьяа нуурын чуулган” гэж заасан байх ажээ.
Нөгөө талаар манж нар Сайн ноён хан аймгийг байгуулахдаа Засагт ханаас чуулган чуулдаг байсан газрыг оруулан ихээхэн газар нутаг таслан өгсөн нь эндээс харагдаж байна.
Хоёрдугаар хэсэг
Хантайшир нэрийн учир ба Их Хааны тайлга уу, Засагт хангуудын тайлга уу?
Хантайширийн нурууг Их эзэн Чингис хааны онгон тахилгатай холбоотой болох тухай хэд хэдэн домог бий.
Юуны өмнө нутгийнхны ам дамжуулан ирсэн домог хуучид Хантайширийн нуруунд их хааны онгоныг авчирч тахисан ба тэрхүү онгоныг залж ирсэн хар азаргыг сэтэрлэж тавьсанд азарга баруун нуруунд гарч нутагшсан бөгөөд тэр цагаас уг нурууг Хар Азаргын нуруу гэх болсон гэж өгүүлэх нэгэн домог юм.
Мөн доктор Х.Сампилдэндэв, Н.Пүрэвжав нарын эмхэтгэсэн “Эзэн Богд Чингис хааны домог оршвой” номд Их хааны онгоныг урд зүгээс залж энэ нуруунд оршоохдоо тэрхүү онгоны харуул хамгаалалт болгон зүүн зүгээс эртний сурвалжит аймгуудаас нүүлгэн авчирч, тэмдэг эдгэртэл уг онгоны харуул хамгаалалт байдалтайгаар нутагшуулсан гэсэн домог бий. Мөн онгоныг оршоосон хөх нурууг Тай-Ширт хэмээн хөлөг Боорчи зарлигласнаас үүдэн Тайшир хэмээх нэр авсан гэжээ.
Тэдгээр нүүдэллэж ирсэн овгогтнууд Хантайширийн нурууг тойрсон байдалтайгаар он удаанаар нутаглаж иржээ.
Мөн Алтай нутгийн зохиолч судлаач Д.Сүрьяа гуай 1990-ээд оны эхээр “Чингисийн гурвалжин” гэсэн сонирхолтой өгүүлэл бичиж хэвлүүлсэн юм. Тэрхүү өгүүлэлдээ “Нууц товчоо”, “Хөхсудар” зэрэг зарим сурвалжууд болон бусад аман домог, өөрийн биеэр явж хийсэн судалгаандаа үндэслэж Чингис хааны онгон Хантайширийн нуруунд байж болох бүрэн үндэстэй ба Өвөрмонголын Ордост байх Чингис хааны онгон, Хэнтий аймгийн нутагт байх Бурханхалдун уул, энэхүү Хантайшир уул гурвыг газрын зураг дээр холбовоос адил хажуут геометрийн зөв дүрс үүсгэж байгааг ажиглан гаргажээ.
Зураг 5:
Алтай хотын баруугаар сүндэрлэх Хантайшир уулын нэгэн ноён оргил бүхий дүнхэгэр нурууг Шарилийн нуруу, нутгийн ардууд заримдаа Овоон нуруу ч гэх билээ. Энэ нуруу Алтай хотоос 20 гаруй км зайд бий.
Энэ нурууны орой дээрх онго тахилгатайдөрвөлжилсөн бунхан овоо байх ба түүний ээвэр бэлд 6 томоохон бунхан, мөн нэлээд хэдэн багавтар булш байдаг.
Дашинчилэн хэмээх номын нэртэй энэхүү бунхан овоог дээр цагт Засагт ханы хүрээнийхэн буюу Арын хүрээнийхэн, Засагт ханууд тахиж тайдаг, тайлга тахилгын үеэр тайжаас дээшх язгууртнууд, гэлэнгээс дээшх санваартнууд л гардаг хоригтой, мөн Засагт хануудыг энэхүү голлох бунхны өвөрт оршоодог байсан гэдэг.
Гэхдээ сонирхон судалж байх явцад эргэлзээ төрүүлсэн зарим нэгэн асуулттай зүй ёсоор тулгардаг.
Ордост Чингис хааны онгоныг тайж тахих нарийн дэг жаягтай, энэ уламжлалаа өдий хүртэл хадгалж ирсэн байхад Хантайширийн нуруу болон Бурхан халдун уулын орчмын ард олны дунд яагаад тийм адил төстэй тайлга тахилгын уламжлал хадгалагдаж ирсэнгүй вэ? гэсэн эхний асуулт юм.
Удаад нь Хаан, хан хоёр ихээхэн ялгаатай ойлголт. Чингис хаан бол их хаан, гэхдээ бүр хаадын хаан байсан билээ. Тэгвэл энэ нурууг яагаад Хаан тайх биш, Хан тайх хэмээн нэрлэсэн бэ? гэсэн удаах асуулт юм.
Энэ хоёр асуултад хариулт өгөхгүйгээр энэхүү нуруунд Чингис хааны онгон байгаа гэж таамаглахад бэрх юм.
Юуны өмнө Ордос орчмийн газар нутаг нь монгол орон ар, өвөр болон хуваагдахаас өмнө ч, дараа нь ч монголын хаадын орд өргөө оршиж, хаад нутаглаж байсан, их хааны найман цагаан орд байсан гол газар болно. Тиймд тухайн үеийн хаад нь Ордост байх онгоныг төрийн дээд түвшинд байнга тахиж, шүтэж байсан учир тэнд тийнхүү тахилгын онцгой нарийн дэг ёс үүссэн бол харин Ар Монголд байх нөгөө хоёр онгоныг оршоосон газарт орон нутгийн хангуудын түвшинд хүндэтгэл үзүүлэх, тайх хэмжээнээс хэтэрч байгаагүй болов уу.
1912 онд Засагт хан Өргөөд байсан Содномравданг учир битүүлгээр нас барахад Богд хаанаас Засагт ханы шарилыг нутагт нь хүргэх зардал хөрөнгийг гаргаж нутагт нь авчирч оршоосон тухай мэдээлэл бий. Юутай ч анхны Ашихай ханаас Засагт хан Содномравданг хүртлэх 17хангуудын олонхийг энэ нуруунд оршуулж ирсэн нь тодорхой юм.Харин сүүлчийн хан Цэрэнгомбожавын ухаан самуурч Арын хүрээний хог дээр байгаад бие барсанд тэмээнд ачиж, Улаангангад булсан гэдэг.
Археологийн судалгаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа ба мөн аймаг уг Бунхант онгоныг хамгаалалтдаа авах хэрэгтэй.