ЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД” ХӨТӨЛБӨР 6 СУМ, 1 ТОСГОНД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ӨНӨӨДӨР ТОНХИЛ СУМД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2023.01.31

           Монгол улсын эрчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийнх 74.3 байдаг. Дундаж наслалтын зөрүү 9.4 жил байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлтээс даруй 2.5 дахин их үзүүлэлт юм. Нийт нас баралтын 61.1%-ийг эрчүүд эзэлдэг. Эрчүүдийн нас баралтын тэргүүлэх 3 шалтгааныг зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтэл буюу гаднын нөлөөлөл эзэлдэг байна. Эрэгтэйчүүдийн хувьд амьдралын буруу хэмнэл, хорт зуршил, анхаарал хайхрамжгүй байдал зэрэг нь эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах эрсдэлт хүчин зүйлс болдог. Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалан Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн зүгээс аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын эрчүүддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх хүсэлтийг хүлээн авч, “Эрүүл Алтай” хөтөлбөрөө энэ онд “Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд” хэмээн нэрлэж, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
           Эрдэнэ сумаас хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөр Цогт сум, Баянтоорой тосгон, Цээл, Алтай, Бугат, Төгрөг сумдад амжилттай хэрэгжиж, өнөөдрөөс эхлэн Тонхил сумд үзлэг оношилгоо, шинжилгээ, сургалт зөвлөгөө өгч ажиллаж байна.
Хөтөлбөр хэрэгжүүлэх багийг Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа ахалж, эрэгтэйчүүдийн эмч, сэтгэл зүйч, дүрс оношилгооны эмч нарыг Улаанбаатар хотоос урьж ажиллуулан, аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Сугар нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт зохион байгуулж, Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч, дотрын эмч нар үзлэгийн багт хамтран ажиллаж байна.
           Хөтөлбөр 2 дугаар сарын 1-ний өдөр Шарга, 2,3-ны өдөр Халиун, 2 дугаар сарын 4-ний өдөр Дарив сумд хэрэгжинэ. Ард иргэд та бүхнийг сошиал орчноос ангид байдаг аав, ээж ах дүүстээ тус мэдээллийг хүргэж, үзлэг, оношилгоонд идэвхтэй хамруулахыг уриалж байна.