МЭНДЧИЛГЭЭ
Монгол орны минь өнцөг булан бүрт амьдарч буй эрхэм хүмүүн та бүхэнд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд дэвшүүлье.
20 дугаар зууны эхэн үед Хойд Америк болон Европ даяар өрнөсөн ажилчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн төлөөх тэмцэл, хөдөлгөөнүүдээс үүдэлтэй энэ өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага 1975 оноос хойш тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1977 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гишүүн улс бүр өөрийн түүхэн болон үндэсний уламжлалдаа нийцүүлэн жилийн аль нэг өдрийг “Эмэгтэйчүүдийн эрх болон олон улсын энх тайвны төлөөх өдөр” болгон тэмдэглэхийг зарлан уриалсан байдаг.
Энэ өдөр бол эмэгтэйчүүдийн үндэс, угсаа, гарал үүсэл, хэл соёл, эдийн засаг, улс төрийн аливаа зааг хязгаарыг үл харгалзан тэдний эрх, эрх чөлөө, ололт амжилтыг хүлээн зөвшөөрсөн өдөр юм. Иймд энэ өдрийг баяр наадам, найр цэнгээн гэхээсээ илүү өнгөрсөн үе дэх эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл, ололт амжилтаа эргэн харж, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, боломж бололцоогоо дүгнэн, эмэгтэйчүүдийн эрхийн аливаа зөрчлийг таслан зогсоохыг уриалан таниулах хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх явдал юм.