АЙМГИЙН МУЗЕЙ ШИНЭ ҮЗМЭРТЭЙ БОЛЛОО.


      Тус аймгийн Халиун сумын Гүүбариач багийн малчин Магсарын Алтантүлхүүр  2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Баянбулаг” гэдэг газар хонио хариулж яваад мөнгөн саахуу, мөнгөн завьяа, алтан өлгийтэй Аюуш бурханаар чимэглэсэн рашааны алтан бумба зэрэг түүх соёлын дурсгалт зүйлсийг хадны завсар байхад нь санамсаргүй байдлаар олжээ. Улмаар энэ тухайгаа аймгийн Цагдаагийн хэлтэст мэдэгдэн, Соёл спорт, аялал жуулчлалын яаманд худалдах санал гаргажээ. 
      Дээрх эд зүйлсийг Улаанбаатар хот дахь Монголын Үндэсний Музейд хадгалуулж байгаад “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөл”-өөр үнэлүүлжээ. 
      Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/32 дугаар тушаалаар дээрх олдворуудыг олж улсад хүлээлгэн өгсөн иргэн М.Алтантүлхүүрт 14250000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг урамшуулал болгон олгохоор шийдвэрлэжээ.