Т.Ганзориг нь 1969 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын малчин Түвдэннямын 5 дахь хүү болон мэндэлсэн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 1985 онд Хөхморьт сумын дунд сургууль, 1991 онд Дархан хотын Барилгын техникумыг сантехникийн техникч мэргэжлээр, 2004 онд Монгол улсын Бизнесийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр, 2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалан, улмаар 2008 онд Төрийн удирдлагын сургуулийг Төрийн удирдлагын менежерээр, 2011 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэргийг тус тус хамгаалсан болно.
Ажилласан байдал:
ü 1987-1989 онд Цэргийн алба хаасан
ü 1991-1993 онд Хөхморьт суманд эрчим хүчний салбарын дарга
ü 1994-1995 онд Чуулгант ХХК-д менежер
ü 1997-1998 онд Дархан-Уул аймгийн Петровис ХХК-ий салбарын эрхлэгч
ü 1999-2003 онд Улаанбаатар хотод Петровис ХХК-д диллер
ü 2003-2005 онд Говь-Алтай аймгийн Нефть хангамжийн баазын захирал
ü 2005-2012 онд Говь-Алтай АЗЗА ТӨХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.
Т.Ганзориг нь аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр 2004-2012 онд 3 удаа дараалан сонгогдсон, аймгийн Бөхийн холбооны тэргүүн, Хүний хөгжлийн АБААЗАН сангийн тэргүүн, Морьт Галуут уяачдын галын тэргүүн зэрэг төрийн бус байгууллагын ажлыг амжилттай удирдан ажиллуулж байгаа туршлага бүхий албан хаагч юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Газрын тосны салбарын тэргүүний ажилтан, Тусгаар тогтнолын одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор тус тус шагнаж байсан болно.
Иймд аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж 2013.01.28-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Түвдэннямын Ганзоригийг аймгийн Засаг даргын орлогчоор томилсон байна.