ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ 


        Говь-Алтай аймаг Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Аймгийн Үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, аймгийн арслан Ш.Шинэбаяр түрүүлж, хурц чимэг хүртсэн бол Цогт сумын харьяат, аймгийн арслан Л.Цэрэнтогтох үзүүрлэж чимэг нэмлээ. 
        Шөвгийн дөрөвт Халиун сумын харьяат, аймгийн заан Д.Буянт, сумын заан С.Дамдин нар шалгаран үлдэж, сумын заан С.Дамдин аймгийн харцага цол, Чойжилсүрэнгийн Золбоо /Говь-Алтай аймаг Шарга сум/, Самданжамцын Содбаяр /Говь-Алтай аймаг Бигэр сум/, Өлзийбаярын Дүүрэнбаяр /Архангай аймаг Батцэнгэл сум/, Галбадрахын Гантулга /Говь-Алтай аймаг Төгрөг сум/ нар 5 даван шөвгөрч “Аймгийн начин” цолны болзол ханган тус тус шинээр цол, чимэг хүртлээ. 
        Өсвөрийн барилдаанд 32 хүүхэд барилдсанаас М.Балжинням /Говь-Алтай аймаг Есөнбулаг сум/, Д.Эрдэнэтулга /Говь-Алтай аймаг Есөнбулаг сум/, Б.Баатархүү / Говь-Алтай аймаг Төгрөг сум/, Э.Цог /Говь-Алтай аймаг Есөнбулаг сум/ нар шөвгийн дөрөвт шалгарч үлдэн М.Балжинням түрүүлж, Д.Эрдэнэтулга үзүүрлэлээ.