Улсын Сайн малчин, тэргүүний тариаланчдын шагналыг хоёр сайд гардуулав.
Сар шинийн босгон дээр Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайд Ц.Дашдорж, Батлан Хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар аймагт албан томилолтоор ажиллалаа. Сайдуудад Монгол ардын намын хороо хүндэтгэл үзүүлж, аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаанд хоёр сайд урилгаар оролцлоо.
Хүндэтгэлийн хуралдааны үеэр Монгол улсын тэргүүний тариаланч цолооор шагнагдсан Есөнбулаг сумын ногоочин Пунцагийн Гансүх, Говь-Алтай аймгийн анхны тэргүүний фермерээр тодорсон Рэгжээгийн Лхагвадорж нарт цол тэмдгийг нь гардуулан өглөө.
Энэ жил аймгаас Тайшир сумын “Галуут” багийн малчин Ч.Нямбуу, Төгрөг сумын “Тунгалаг” багийн малчин Х.Түмбаатар, Тонхил сумын “Алтайн-Оргил” багийн малчин Ж.Дандар нар “Улсын сайн малчин”-аар тодорч Сайдууд, аймгийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс “Монгол Улсын Сайн Малчин “ цолоор шагнагдсан малчдын гэрт зочилж баяр хүргэн шагналыг нь гардуулан өглөө. Энэ жил ХХААХҮЯ-ны уламжлалт шагналаас гадна БСШУЯ-аас зөвлөн малчин үнэмлэх, Эрүүл мэндийн яамнаас гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамрагдах эрхийн бичиг, Гадаад харилцааны яамнаас гадаад оронд гэр бүлээрээ аялах урилгыг тус тус олгожээ.
Түүнчлэн сайдууд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан Есөнбулаг сумын иргэн Ламжавын Эрдэнэбат, Равзанадын Энхжаргал, Содномцэрэнгийн Наранцэцэг, Ичинхорлоогийн Ганболд, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан “Алтай чуулга”-н хөгжимчин Ринагийн Ариунаа, хүний нөөцийн ажилтан Бямбацэрэнгийн Хандмаа, Жаргалан сумын соёлын төвийн эрхлэгч Жаргалын Батхишиг, Боловсролын тэргүүний ажилтан цолоор шагнагдсан Эрдэнэ сумын багш Цагаанцоож, Улсын тэргүүний ардын авьяастан цол хүртсэн Баян-Уул сумын Маруушийн Галцог нарт шагналыг гардуулав.