Говь-Aлтай аймгийн орон нутаг сурталчлах танхимын 
ажилтнуудын сургалт боллоо
.
 

      Энэ жилийн сумдын соёлын төвийн орон нутаг сурталчлах танхимын ажилтнуудын сургалт, семинар Шарга суманд зохион байгуулагдлаа. 

      Сургалтанд нийт 25 соёлын ажилтан хамрагдсан бөгөөд “Орон нутаг сурталчилах танхимын үйл ажиллагаа, ажиллаж буй боловсон хүчний өнөөгийн байдал, цаашид тавигдах шаардлага, соёлын байгууллагын ажил дүгнэх үзүүлэлт, “Үл хөдлөх дурсгалын ангилал, үечлэл”, Бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх нь, биет бус өвийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашид анхаарах зарим асуудал” зэрэг сэдвүүдээр сургалт хийж, харилцан ярилцаж, санал солилцлоо.

      Энэ үеэр бүх сумдын ОНСТ-ын ажилтнууд хайгуул, цуглуулга хийн “Шилдэг байгалийн олдвор”-ын үзэсгэлэнг дэглэн байрлуулж, Шарга сумын иргэдэд үзүүллэг хийн үйлчиллээ. 

      Үзэсгэлэнд ирсэн олдворуудаас Алтай сумын ажилтан Д. Навчаагийн хатаасан эмийн ургамал, тус сумын эрдэс чулууллагийн дээжис “Тэргүүн” байр, ховор үзмэрээр Дарив сумын ОНСТ-ын ажилтан Даваагийн цуглуулсан палентологийн олвдор /далайн ёроолын чулуужсан нялцгай биет/ шалгарч зохион байгуулагчдын шагнал хүртэв.

      Шарга сумын соёлын төвийн ОНСТ-г шинээр байгалийн үзмэрүүд бүхий булантай болгож нийт 25 дэсийн 45 ширхэг үзмэр эд өлгийн зүйлсээр сан хөмрөгийг нь баяжууллаа. 

      Жижиг амьтад, мэргэчид, шувуудаар гарын доорх материал ашиглан хэрхэн чихмэл хийх талаар онол, аргазүйн талаас нь аймгийн музейн захирал Ц. Оюунзул зааж, үзмэр хянагч Н. Мөнхцэцэг, Тайшир сумын ОНСТ-ын ажилтан С. Баянмөнх нар чимхэл хийх дадлага ажлыг өөрсдийн агнасан бор галуугаар нийтийн оролцоотой хамтран гүйцэтгэсэн нь шинэлэг, бүтээлч ажил боллоо. 

Мэдээлэл бэлтгэсэн: 
Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Н.Жаргалсайхан