АЛТАЙН БАХАРХАЛ-2, АЛТАЙН ШИГШМЭЛ ХУРД-1 НААДАМ

2011.08.16
           2011 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Алтай нутгийнхаа нэрийг өндөрт өргөж бахархал нь болж яваа алдар хүндтэй хүмүүстээ нутгийн зон олон нь хүндэтгэл үзүүлж Алтайн бахархал-2, Алтайн шигшмэл хурд-1 баяр наадамыг зохион байгууллаа. 
           Наадмыг Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн “Алтайн Эрин” сан, “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн “Алтайн Хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Дашдорж, Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, Морин спорт уяачдын холбоо хамтран зохион байгууллаа.

Монголын Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол Улсын 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн улсын их баяр наадамд амжилттай барилдаж шинээр Монгол улсын “Гарьд цол” хүртсэн Жанцангийн Бат-Эрдэнэ, Монгол улсын “Начин цол” хүртсэн Саруултуяагийн Багахүү, Гарьд цолоо баталж чимэг хүртсэн Монгол Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар, Монгол улсын начин, Хантайшир бөхийн дэвжээний дасгалжуулагч Доёдын Бадрах, Улсын баяр наадмын өсвөр бөхийн үзүүр Самбын Сампиллхагва, Улсын баяр наадамд хурдан хүлгээ айрагдуулсан Халиун сумын харъяат уяач С.Ганболд, Баян-Уул сумын уяач М.Ганболд, Харүмафүжи Даваанямын Бямбадорж, Мандал-Алтай группын захирал С.Балдандорж, Академич цолоор шагнагдсан Дүгэрийн Рэгдэл, Баатарын Баярт, Бэгзийн Чулуундорж, Дүгэрийн Содномдорж, Монгол улсын гавьяат цол хүртсэн Дагшинжавын Лхагвасүрэн, Дампилийн Түмхүү нарт нутгийн зон олон нь хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл хадгалуулж, эрийн гурван наадам хийлээ.

Алтайн шигшмэл хурд наадмын хурдан морины уралдаанд 2009, 2010, 2011 онд Баруун бүс болон аймгийн наадмын эхний 10-д, Халиун, Баян-Уул сумдад болсон бүсийн уралдааны эхний 5-д, “Алтайн хавар” уралдааны эхний 5-д, сумдын баяр наадамд айрагдан хурдалсан 6 насны морьдыг мандатаар урьж уралдуулан бүх уралдсан морьдын 50 хувийг барьж, 81 сая төгрөгөөр байлсан байна.

Алтайн бахархал- 2, Алтайн шигшмэл хурд- 1 наадамд 128 бөх барилдснаас  Монгол улсын начин Гантулга түрүүлж, Монгол улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэсэн.

Намрын налгар сайхан энэ өдрүүдэд зохиогдсон “Алтайн бахархал-2”, “Алтайн шигшмэл хурд- 1” наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.