Алтай нутгийнхаа ахмад үе, залуучууд, өсвөр үе хүүхэд багачууд та бүхэндээ золгон ирж байгаа “Цагаан туулай” жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий учрал бүрдсэн билэгт сайн өдрийн халуун мэндийг хадаг дэлгэн сүү өргөн барьж Аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газрын нэрийн өмнөөс гүн хүндэтгэлтэй өргөн дэвшүүлье. 
Та бүхэн сайхан шинэлж, сүрэг мал тарган, тавтай сайхан хаваржиж байна уу.

            Хангирсан одож байгаа “Цагаан барс жил” нь жирийн нэг хуанлийн он байсангүй Алтайчууд бидний хувьд   аймаг байгуулагдсаныхаа түүхт 70 жилийн ойг Алтайгаасаа төрсөн, Алтай нутгаа гэх чин сэтгэлтэй хүн болгоны итгэл, сэтгэлийн дэмжлэгээр өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Алтайчууд бид эвлэж нэгддэгийн, хүч хөрөнгөө нийлүүлж чаддагийн бодит жишээг Монгол орон даяар үзүүлж чадлаа.

           Монгол улсдаа төдийгүй дэлхий нийтэд Засагт ханы хөх харчуудын суу алдар мандан бадарч хийж бүтээхийн ид хавийг бахархалтайгаар үзүүлж байгаагийн дээр Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд Алтайгаараа овоглосон олон олон сэхээтнүүд, эрдэмтэд, уран бүтээлчид, хөдөө аж ахуйн салбарынхан, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид бодитой хувь нэмрээ оруулж яваад бид тэднээрээ бахархан омогшиж, талархан дурсаж явдагаа онцлон тэмдэглэхэд таатай байна.