Эрхэмсэг /хатагтай, ноён/…………………………………… танаа
 

 

         Эрхэм танд Төрийн тахилгат Сутай хайрханаар тэргүүлсэн их уулсын арц үнэртсэн хөх салхи сэвшээлсэн, Хүйс, Захуйн зэрэглээт ихэр говиудын нар хурайлсан домогт Их Алтайнхаа төр зөхиргаа, түмэн олон ард зоныхоо халуун сэтгэлийг дэлгэн амар амгаланг тань айлтгахын ялдамд золгон ирж буй шинэ оны найрсаг мэндчилгээг өргөн дэвшүүлж, гэр бүл, үр хүүхдэд тань эрүүл энх, сайн сайхны өлзий билэгт ерөөлийг хүргэе.

         Манай Алтайчууд улиран одож буй 2010 оныг ган зудын гамшиг тохиолдсон ч сэтгэл өөдрөг, хохирлыг барагдуулахаар итгэл төгс ажиллацгааж, төрөлх аймаг байгуулагдсаныхаа түүхт 70 жилийн ойгоо хөгжил дэвшилд тэмүүлсэн их бүтээн байгуулалтын бодит ололт амжилтаар ганзага дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж байна.

         Алтайчууд бид он тооллын урт түүхийг бүтээлцэж, цагийн аясыг дагаж бус сөрж зорилго зорилтдоо тууштай хандан, шударга тогтвортой үзлээр хүмүүжин ажиллаж амьдарцгааж байна.

         Морилон ирж буй 2011 он бол Монгол оронд Ардын Хувьсгалын түүхт 90 жилийн ой тохиож, Монголын ард түмэнд хөгжил дэвшил авч ирсэн, Алтайчууд бидэнд гэрэл гийгүүлж алтан шар замын өлзий учралыг бүрдүүлсэн сайхан он жил болно хэмээн итгэж найдаж байна.

         Айлчлан ирж буй шинэ ондоо Их Алтайчууд бид эдийн засаг нийгмийн бүхий л салбарт хүсэл тэмүүлэл, чин зориг тэвчээр, шинэ сэтгэлгээ, эрч хүч, эв нэгдлийг цогцлоосон хамтын хүчээр ажилгүйдэл ядуурлыг тодорхой хувиар бууруулан, иргэдийнхээ аж амьдралын түвшинг шат шатаар ахиулах ажил хөдөлмөрийг өрнүүлэн аймгийн эдийн засгийн үндэс болсон ХАА-н салбарт хоршооллын үр нөлөөг дээшлүүлэн бусдад үлгэр дууриал болон ажиллах болно гэдгээ та бүхэнд итгэл дүүрэн илэрхийлж байна.

         Зочлон ирж буй шинэ ондоо Зон олон Монголчууд, Зорилго төгс Алтайчууд маань хиргүй сэтгэл, хичээнгүй зүтгэлээрээ урагшлан тэмүүлж, аж амьдралаа дээшлүүлэн Улс орон нутгаа хөгжүүлж, айл бүрт эрүүл энх, элбэг хангалуун, эв нэгдэлтэй, инээд хөөртэй амьдрал үргэлжлэхийн дээдийн дээд ерөөлийг дэвшүүлэн өргөж мэндчилье.
 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


                   Та бүхнийг хүндэтгэсэн:

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН

                               ИТХ-ЫН ДАРГА                                        ЗАСАГ ДАРГА

                                                    Ш.ЭРДЭНЭБАТ                                       Ш.АМГАЛАНБАЯР