Эрхэм хүндэт Алтайчууд аа, Ард иргэд ээ,
Та бүхэн тавтай сайхан зусаж байна уу.
Өндөр сүрлэг Алтайн уул шигээ алдар гавъяаны замналтай, өргөн уудам говь шигээ уужим тэнүүн сэтгэлтэй Говь-Алтайчууд Та бүхэнтэй нүүр тулан уулзаж ярилцах завшаан олдож байгаад туйлын баяртай байна.
Та бүхэн саяхан аймаг байгуулагдсаныхаа түүхт 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Хэдийгээр аймгийн 70 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээнд ирж оролцож амжаагүй ч гэсэн түүхт ойн баяр, наадмын чимээ төдийлөн алсраагүй, уралдсан хурдан хүлгийн хөлс хатаж амжаагүй байгаа энэ цаг үед Говь-Алтай аймагт ирсний хувьд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Говь-Алтай аймгийн нийт ард иргэд Та бүхэндээ түүхт ойн баярын халуун мэндийг дэвшүүлж, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх орны маань баруун урд хязгаарын уудам их газар нутагт аж төрөн амьдарч байгаа Та бүхний өвөг дээдэс, мөн өнөө үеийнхний дундаас улсынхаа тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчид, нэрт зохиолч, соён гэгээрүүлэгчид, төр нийгмийн зүтгэлтэнүүд, ардын армийн генералууд, эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн сайчууд олон арваараа төрөн гарсан билээ. Эх оронч, хөдөлмөрч энэ сайхан уламжлал нэр төрөөрөө Та бүхэн бахархах бүрэн эрхтэй.