“ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016.09.30

            2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын 100 дахь хоног тохиож байна.

           Дээрх хугацаанд аймгийн төрийн байгууллагууд өөрсдийн хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд, олон нийтэд танилцуулах, сурталчилах зорилгоор “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээг 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд зохион байгууллаа. 

           Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагууд, төсөвт байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, сумдын Засаг даргын Тамгын газар ажиллалаа.  

  

          “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээнд 18 сумын 90 төрийн байгууллага, аймгийн төвийн 35 албан байгууллагын 399 төрийн албан хаагч, 400 гаруй иргэн оролцсон бөгөөд үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга С.Гансэлэм үг хэллээ.

             Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг үг хэлж, ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.  

            Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг танилцуулж, аймгийн төрийн байгууллагууд Засгийн  газар байгуулагдсанаас хойш 100 хоногт хийсэн ажлаа иргэд, олон нийтэд тайлагнаж, сурталчиллаа.

           Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн цогц бодлого, хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурлан аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан иргэдээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналыг амаар болон бичгээр авлаа.

           Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний урьдчилсан жагсаалтыг танилцуулан санал авлаа.   

           Аймгийн Засаг дарга тус хөтөлбөрийг боловсруулахад өөрсдийн үнэтэй саналаа өгч, аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох чухал баримт бичигт тусгуулахыг уриаллаа. 

          “Засгийн газрын 100 хоног” арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээ, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого зорилтын талаар мэдээлэл хүргэж, иргэдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, санал бодлыг нь сонсож, төрийн зарим ажил, үйлчилгээг газар дээр нь хүргэж ажиллан, газар, хэлтсийн дарга нар өөрсдийн хариуцсан салбарын чиглэлээр мэдээлэл хийлээ.

           Төрийн байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын санал асуулга, сэтгэл ханамжийн судалгааг давхардсан тоогоор 1945 иргэнээс авч, 180 гаруй нэр төрлийн 3000 гаруй гарын авлага материалыг иргэдэд хүргэлээ.