Ахмадуудаа хүлээн авлаа

2016.10.01

Өнөөдөр Алтай нутгийн буурлууд маань баяраа тэмдэглэлээ. НҮБ-ийн Ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн энэ өдрийг ОУ-ын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунгхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэж ирсэн түүхтэй юм. Энэ түүхэн өдөр УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш Раднаасэд , Аймгийн ИТХ-ын дарга Т Ганзориг, Аймгийн Засаг дарга С Гансэлэм болон аймгийн ЗДТГ, ХХҮГ, хамтран ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурууддаа олон улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүллээ. Энэ өдөр монголын ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жил, аймгийн ахмадын хороо байгуулагдсаны 28 жилийн ойн баяр тохиож байна. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Аймгийн Засаг дарга С.Гансэлэм үг хэллээ. Тэрээр ахмадууддаа баярын мэнд хүргээд Ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ ажиллаж байсан байгууллагаараа бахархан үргэлж бидэндээ үлгэр дууриалал болж эрүүл энх урт удаан насалж бидэнтэйгээ олон олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөе хэмээлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээ өнгө өнгийн дээл хүрмээр гоёсон өндөр настангуудаар дүүрч жин үдийн нарны цацраг жирийтэл эгнүүлсэн одон медальд нь ойн туяарч байлаа. Он оны гавшгайчаас аваад олон хүн хүртээд байдаггүй хөдөлмөрийн гавьяаын улаан тугийн одон , алдарт эхийн 1, 2-р одон , Хөдөлмөрийн хүндэт медаль гээд л дэндүү чамин хийцтэй дээл хүрмэндээ ч гоёдсон өнгө алаглах одон тэмдэгүүдээр энгэрээ чимсэн ахмадууд эгнэн сууж элдэвийг хуучлах нь сэтгэлд нэг л дотно. Ойр ойрхон уулзаж хөөрөг зөрүүлэн хуучлаад байдаггүй өвгөн ах нар залуу насаа дурсан ярьж хүд хүд инээлдэн намбалаг хийгээд толиотой эмээ нар торгон дээлээр ижилсэх нь цаанаа л нэг өнгөлөг. Ийнхүү дан ганц энэ өдөр ахмадаа анхаарч хүндлэх биш түүхийн эх сурвалж болсон ахмад настануудынхаа үнэт сургаалийг нь цаг үргэлж дээдлэн байх нь үр хойч болсон бидний үүрэг болох биз ээ…

Р.Төмөрчөдөр