аймгийн засаг дарга С.Гансэлэм: Бургастайн боомтыг зориулалтын дагуу өргөжүүлнэ

2017.01.13

Эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөж буй салбарын нэг нь аялал жуулчлал

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмтэй ярилцлаа. “Эдийн засгийн сорилтыг төр, хувийн хэвшил хамтарч байж даван туулна” хэмээн тэрбээр тодотгов.

-Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Говь-Алтай аймаг 19 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Уг судалгаагаар ажлын байрыг шинээр бий болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Тэгэхээр орон нутгийн удирдлагын зүгээс энэ байдлыг сайжруулахаар ямар бодлого, зорилтыг дэвшүүлж байна вэ?

-Орон нутгаа хөгжүүлэхийн тулд бусад аймагтай харьцуулах байдлаар хаана, ямар түвшинд яваагаа мэдэж, нөхцөл байдлаа хэмжиж үзэх нь чухал. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол боловсронгуй болгож чадахгүй. Тиймээс өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлд манай баг нэлээд анхаарал хандуулж, үүнд ихээхэн ач холбогдол өгч байна.

Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хүрээнд цөөнгүй ажил тусгагдсан. Үүнийг ирэх жилүүдэд бодит ажил болгохоор зорьж байна. Аймаг болгон өөрсдийн гэсэн онцлогтой бөгөөд давуу болон сул талтай. Манай аймгийн хувьд эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц гэсэн хоёр үзүүлэлтээр өнгөрсөн хугацаанд багагүй оноо алдаж ирсэн юм билээ. Тэгэхээр эдийн засгаа тэлэхийн зэрэгцээ дэд бүтцээ шинэ шатанд гаргах нь чухал. Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй одоогийн нөхцөл байдлыг харгалзан хэмнэлтийн горимд ажиллаж байгаа. Уг ажлын хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, урсгал зардлыг хэмнэх, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр багагүй ажлын ард гарлаа.

-Эдийн засгийн хүндрэлтэй байдал үргэлжилсэн хэвээр байна. Энэ нь та бүхний хийхээр төлөвлөж буй олон ажил саатах бодит шалтгааны нэг. Тиймээс зураглаж буй ажлууд цаасан дээр үлдэх эрсдэл бий. Үүнийг давхар тооцоолж байгаа юу?

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хаа сайгүй амаргүй байгааг эхэнд тэмдэглэсэн. Үүнийг алхам тутам тоочоод суувал ажил хийх хүн олдохгүй. Манай аймгийн хувьд өөрсдийн нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татах чиглэлээр цаашид нэлээд санаачилгатай ажиллах сонирхолтой байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтаар зогсохгүй бусад хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд нээлттэй бодлого хэрэгжүүлнэ. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлнэ гэсэн үг. Хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй, тэмүүлэлтэй хувийн хэвшлээ түлхүү дэмжинэ. Ингэснээр үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжтой. Ажил хийх хүнд арга олддог. Энэ үг манай багийн бараг л зарчим болж байгаа. Зорьсон олон ажлын үр дүнд дээр дурдсан өрсөлдөх чадварын үзүүлэлт нийт дүнгээрээ сайжирна гэж үзэж байна.

-Аймаг болгон өөрсдийн хөгжлийн тулгуур салбараа тодорхойлж байна. Говь-Алтай аймгийн хувьд аль салбарт найдвар тавьж, илүү эрчимтэй хөгжүүлэхээр зорьж байна вэ?

-Манай аймгийн хувьд хөгжлийн тулгуур салбар нь хөдөө аж ахуй. Түүн дотроо мал аж ахуй болон газар тариалангийн салбар илүү байр суурь эзэлнэ. Цаашид түшиглэн хөгжих түлхүүр хоёр гол салбар гэж эдгээрийг тодорхойлж байгаа. Эдгээр нь үндсэндээ уламжлалт салбар бөгөөд эдийн засгийн бааз суурь болж ирсэн. Тиймээс цаашид илүү дэвшил гаргах шаардлагатай. Ялангуяа газар тариалангийн салбарт түлхүү анхаарах хэрэгтэй байна. Учир нь өнгөрсөн хугацаанд тус салбарт чиглэсэн бодит хөрөнгө оруулалт, дорвитой төсөл хэрэгжсэн нь нэлээд ховор.

Мал аж ахуйн салбарын хувьд хийх ажил ч мөн цөөнгүй бий. Тухайлбал, малын үүлдэр, угсаагаа сайжруулах, малын гаралтай түүхий эд болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингээх замаар орлогын гол эх үүсвэрээ болгох үүд хаалга нээлттэй байна. Үүнийг ашиглах нь чухал. Мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх цаг болсон. Шинээр хөгжүүлэхээр төлөвлөж буй салбарын нэг нь уул уурхай. Манай аймгийн хувьд уул уурхай болон аялал жуулчлалын салбар хожуу хөгжиж эхэлсэн. Аль аль нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Тиймээс хөгжлийн явцыг нь илүү эрчимжүүлнэ. Гэхдээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой. Үүнийг гол зарчмаа болгож, цаашид мөрдөж ажиллах юм.

-Уул уурхай нь эдийн засгийн өгөөж өндөртэй ч байгаль орчинд хал ихтэй. Гэхдээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж буй сайн жишээ цөөнгүй бий?

-Тийм ээ. Уул уурхайн салбарт эерэг болон сөрөг жишээ олон. Тэр болгоноос суралцах хэрэгцээ, шаардлага гарч байна. Уул уурхайн салбарын талаарх орон нутгийн иргэдийн ойлголт харилцан адилгүй. Манай аймгийн хувьд “Алтайн хүдэр” компанийг эс тооцвол томоохон экспортын шинж чанартай уурхай байхгүй. Тус компанийн хувьд БНХАУ-д төмрийн хүдрээ экспортолдог. Түүхий эдийн үнэ огцом унасанаас үйл ажиллагаа нь зогссонги байдалд ороод байсан. Гэхдээ зах зээлд үнийн бага зэрэг сэргэлт ажиглагдах болсон тул экспорт хийж эхэлсэн. “Алтайн хүдэр”- ийн үйл ажиллагаатай удахгүй газар дээр нь очиж танилцана.

-Уул уурхайг хөгжүүлнэ гэхээр шууд л олборлолт санаанд орох нь бий. Гэтэл эдийн засгийн үр ашигтай орд нээхийн тулд геологийн суурь судалгаанаас эхлээд хайгуулын олон шат дамжлагыг туулах шаардлагатай болдог. Үүнд маш их цаг хугацаа, хөрөнгө оруулалт зарцуулж, улмаар томоохон төсөл хэрэгжүүлэх хаалга нээгдэж ирсэн?

-Энэ жишгээр л уул уурхайн салбар хөгждөг. Геологи, хайгуулын суурь судалгааны ажил цаашид тодорхой хэмжээнд идэвхжиж, бүс нутгийн хөгжилд өөрчлөлт авчрах мега төсөл хэрэгжүүлэх боломжийг улсаас бодлого болгож байна. Орон нутгийн зүгээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж болон бичил уурхай эрхлэгчдэд нийгмийн хариуцлагын гэрээг нэлээд хатуу байгуулахаар төлөвлөж байна. Тухайн газар нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бол үүнийг дагаж гарах нийгмийн болон экологийн эрсдэл, түүний хариуцлагыг давхар хариуцах учиртай. Иймээс нийгмийн хариуцлагын гэрээнд Засаг даргын хувьд түлхүү ач холбогдол өгч, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.

-Аялал жуулчлал хөгжих боломжтой бүс нутаг бол Говь- Алтай. Говь, хээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой. Ховор ан, амьтан ч нэлээд бий. Энэ болгон нь жуулчдын харааг татах давуу тал. Та аялал жуулчлалын салбарыг онцолсон. Тус салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн зүгээс хэр дэмжлэг үзүүлж чадах вэ?

-“Утаагүй үйлдвэрлэл” хэмээн тодотгодог тус салбар манай нутагт хөгжих өргөн боломжтой. Гэхдээ дэд бүтцийн сул хөгжлөөс шалтгаалж зорьж очих гадаад, дотоодын жуулчдын тоо хязгаарлагдаж байгааг үгүйсгэхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцээ нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай байгаа нь үнэн. Энэ хүрээнд цаашид ч ажиллах шаардлага их байна. Аялал жуулчлал хөгжихөд хувийн хэвшлийн үүрэг, оролцоо нэлээд чухал. Бидний зүгээс бодлогын түвшинд хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Стандарт шаардлага хангасан жуулчны бааз, орон нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох шаардлага гарч байна. Үүнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшил тэргүүлэх үүрэгтэй оролцох хэрэгтэй.

Алтайгаас Баянхонгор хүртэлх 256 км авто замын ажлыг энэ хавар эхлүүлнэ

-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага тулгамдсан асуудлын нэг. Энэ хүрээнд ямар зарчим баримталж ажиллах вэ?

-Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын гурван талт түншлэлийг бэхжүүлэх нь чухал байна. Ингэснээр төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, иргэдийн дуу хоолойг сонсох, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх нь зөв. Эдийн засгийн сорилтыг төр, хувийн хэвшил хамтарч байж даван туулна. Үр дүнд нь иргэдийн амьжиргааны түвшин сайжрахын зэрэгцээ хувийн хэвшлийн эдийн засагт гүйцэтгэх оролцоо ч тэлэх юм.

-Орон нутгийн хэмжээнд шилжих хөдөлгөөн багассан уу, эсвэл хэвээр байгаа юу?

-Нутаг орондоо тогтвортой ажиллах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Үүнийг дагаад ажлын байрны хүндрэл гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих замаар иргэдээ ажилтай, орлоготой байлгах гарц байгаа. Иргэдийн хандлага өөрчлөгдөж байгаагийн илрэл нь дээрх байдлаар харагдаж байгаа тул хувьдаа олзуурхаж сууна.

-Бургастайн боомтоор мах болон малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд хэр анхаарч ажиллах вэ. Энэ хүрээнд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа бол...?

-Бургастайн боомтын нөхцөл байдалтай танилцсан. Боомтын үйл ажиллагааг сайжруулах, цаашид анхаарах зүйл нэлээд байсан. Худалдаа, эдийн засгийн гүүр болох учиртай боомт гэж хэлэхэд чамлалтай санагдсан. Тус боомтоор “Алтайн хүдэр” компанийн төмрийн хүдэр гарч байгаа. Энэ нь боомтын хувьд өрөөсгөл. Тиймээс боомтыг зориулалтын дагуу ашиглах, улмаар өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Хятадын талд илэрхийлсэн. Зөвхөн төмрийн хүдэр гаргах бус малын гаралтай түүхий эд, барилгын материалыг уг боомтоор нэвтрүүлэх нь чухал. Гол нь орон нутгийн иргэдэд ээлтэй, амьдралд нь ашиг тустай байх хэрэгтэй. Энэ байдлыг бий болгохоор зорьж байна. Бургастайн боомт нь тэгш саруудад нээгдэж байгаа. Манай аймагтай хил залгаа Ховдод бог малын халдварт өвчин гарснаас мах болон малын гаралтай түүхий эдийн экспортод хориг тогтоосон. Үүнээс шалтгаалж зарим ажил саатсан.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Бургастайн боомтоос Алтай хот хүртэлх замыг “Торгоны зам” төслөөр хатуу хучилттай болгохоор БНХАУ-ын Хами аймгийн дээд шатны байгууллагын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж, нааштай шийдэлд хүрсэн. Замын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон.

-Махны үйлдвэр ашиглалтад орох гэж байгааг сонссон. Үйлдвэр ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр бий болох боломжтой вэ?

-Баруун бүсийн аймгуудаас махны үйлдвэргүй ганц аймаг нь манайх байсан. Өнгөрсөн зун махны гурван үйлдвэр шаваа тавьж, барилгын ажлаа эхлүүлсэн. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор хамгийн багадаа 50 орчим ажлын байр шинээр бий болох судалгаа бий. Үйлдвэртэй болсноор ажлын байр бий болоод зогсохгүй малчдын орлого нэмэгдэх, мал болон малын гаралтай түүхий эдийн үнэ тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ.

-Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгийн нэг нь Говь-Алтай. Одоо хэчнээн км авто замын ажил дутуу үлдсэн бэ?

-Алтайгаас Баянхонгор хүртэлх 256 км авто замын ажлыг энэ хавар эхлүүлнэ. Ингэснээр ирэх арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орчихно гэж харж байгаа. Энэ нь мөрийн хөтөлбөрийн дөрвөн чухал ажлын нэг.

-Улсын нэгдсэн төсвөөс гадна олон улсын дэмжлэгтэй төсөл, хөтөлбөр Говь-Алтайд хэр зэрэг хэрэгжиж байна вэ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны орон нутгийн хөгжлийг дэмжсэн төсөл бий юү?

-Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт нэлээд анхаарал хандуулж байна. Зөвхөн төсөвт найдах бус өөр боломж эрэлхийлнэ. Хамрагдсан албан ёсны төсөл, хөтөлбөр одоогоор алга. Цаашид үүнийг бий болгохоор ажиллаж байна.