Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Хил хязгааргүй Алтайчууд” арга хэмжээний хүрээнд Алтай хотод мод тарих аян өрнөж 2015 оны 10 сарын 02, 03-ны өдрүүдэд  Хүүхдийн парк, Шүтээний өндөрлөг, Дашпэлжээлин хийд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн гадна улиас, хайлаас, шар хуайс, агч гэсэн 4 төрлийн 7130 ширхэг мод тарьлаа.

Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая уриан дор зохион байгуулагдсан мод тарих ажилд  Улаанбаатар хотоос нутгийн зөвлөлийн дарга  “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар,  дэд дарга Р.Самдандовж, “Макс” группын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжигмэд болон бусад төлөөлөгчид, аймгийн удирдалгууд, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сумдын нутгийн зөвлөлүүд, төрийн бус байгууллагууд, иргэд  нийт 2000 гаруй хүн мод тарих үйлсэд нэгдэж 2 өдрийн хугацаатай мод тарьлаа.

Мөн мод тарих ажилд идэвхи зүтгэлтэй оролцсон нийт иргэдийн дунд “Макс” группээс азын сугалаа явуулж иргэн Б.Батмөнх хурдан удмын адуу хожсон.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигтай намрын мод тарих өдөр 10 сарын 10-нд тохиож байгаа бөгөөд энэ долоо хоногт тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа, айл өрхүүд хашаандаа, албан байгууллагууд орчиндоо мод тарих, цэнэг усалгаа, арчилгаа хийх ажлууд үргэлжлэн явагдана.

Модоо тариад орхих бус, тарьснаасаа хойш 3-5 жил сайтар арчлан хамгаалах нь хамгаас чухал байдаг.Нэг мод тарьвал нэг насны буян Хоёр мод тарьвал хойд насны буян гэдэг. Хүн хүмүүн заяанд төрсөн бол үр үндсээ үлдээх, мод тарих, ном бичих энэ гурван үйлийг заавал хийсэн байх ёстой гэдэг.

 

НОГООН АЛТАЙН ТӨЛӨӨ ХАМТДАА