БАГШ НАРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.

2015.12.01

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид аа.


Алтай нутгийн  үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Дэлхийн багш нарын 21 жил болон Монголын багш нарын баярын 49 дэхь өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Боловсролын системийг хөгжүүлэн урагшуулах гол эх үндэс нь багш юм. Иймээс багшийг хөгжүүлэх, дэмжих зорилгоораймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас санаачлан багшийн ажлыг бодитоор үнэлж, ажлын амжилтыг урамшуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Орон нутгийн удирдлагын зүгээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч энэ ондооАлтай, Бугат сумдын сургуулийн өргөтгөл, Хөхморьт сум, Баянтоорой тосгоны сурагчдын дотуур байр, Бигэр, Тонхил, Төгрөг сумдын  цэцэрлэгийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Цаашид хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний сурч боловсрох таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан  хөтөлбөрүүдийг үр дүнтэй  хэрэгжүүлэн ажиллахад багш нарын үүрэг, оролцоо, санал, санаачилга хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлье.

Хүн ардаа боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ.

Багш та бүхний соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, Таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.