Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой 2015 онд тохиож байна. Монгол, Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөхөд шууд тусалсан гэж судлаачид дүгнэдэг. Энэ утгаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын ой Монгол, Орос, Хятадын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, хамтын тэмцлийг эргэн дурсах тэмдэглэлт үйл явдал юм.

            Түүхэн ялалтын тэгш ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Говь-Алтай аймгаас дайнд оролцсон ахмад дайчин Ж.Лхасранд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Байлдааны гавъяаны улаан тугийн” одон, Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойн медалийг аймгийн Засаг даргын орлогч Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Мөн Чөлөөлөх дайны 70 жилийн ойн медалиар Я.Алтангэрэл, Ж.Зундуй нар шагнагдлаа.