ЯПОН УЛСЫН НАГОЯ ХОТОД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД СЕМИНАРТ ОРОЛЦЛОО.

2016.02.01

      Аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-15-ны өдрүүдэд Японы аж үйлдвэрийн томоохон төв болох Аичи мужид болсон  “Монгол, Айчигийн бизнес семинар”-т оролцлоо. Семинарыг аймгийн ЗДТГ, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын ЖЕТРО байгууллагын Нагоя дахь төв, Чюүбү бүсийн Эдийн засгийн байгууллагуудын холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Япон улсад суугаа Монгол улсын ЭСЯ, Нагоя дахь Өргөмжит консулын газар хамтран зохион байгуулав. 

Семинарт хоёр талын 100 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Япон улсад суугаа ЭСЯ-наас “Монголын эдийн засгийн байдал”, “Монгол, Японы эдийн засгийн харилцаа, Монгол дахь бизнесийн орчин”, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгогдох шинэ боломжууд” сэдвээр илтгэл тавилаа.

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа талаар болон Макс групп, Барс групп, Мандал-Алтай групп, Хүннү ресорз зэрэг аймгийн 10 гаруй компаний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Японы талаас Айчи муж, Нагоя хотын захиргаа, Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яамны харьяа Чюүбү бүсийн Эдийн засгийн газар, Айчи Гакүэн Их Сургуулийн удирдлагууд семинарт оролцож, муж, хотынхоо эдийн засгийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Оролцогч компаниуд бизнес матчинг хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрүүл мэнд гэсэн  дөрвөн чиглэлээр санал солилцлоо.

            Япон улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар семинарыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Японы Стратегийн түншлэл эдүгээ төр, засгийн түвшинд амжилттай хөгжиж байгаа бөгөөд үүнийг орон нутгийн түвшинд цаашид тэлж өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлов.

Мөн Элчин сайд С.Хүрэлбаатар, Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтэй аймгийн төлөөлөгчид Айчи мужийн захирагч Х.Омура, Нагоя хотын дарга Т.Кавамура нартай уулзаж, Монгол-Японы харилцаа, түүний дотор орон нутгийн шууд харилцааг хөгжүүлэх талаар хэлэлцэн ирэх 08 дугаар сард Аичи мужийн төлөөлөгчид Монгол улсад айлчлах, дараагийн Монгол Аичигийн бизнес семинарыг зохион байгуулах,GENESIS хөтөлбөрт Говь-Алтай аймгийн хүүхэд залуучуудыг хамруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.  

Япон улсын Аичи муж 7.4 сая хүн амтай, ДНБ-ний хэмжээ нь 400 тэрбум ам.доллар бөгөөд энэ үзүүлэлтээр Токио, Осакагийн дараа 3 дугаарт ордог. Жилд 43 триллион иенийн өртөг бүхий аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ үзүүлэлтээр Япондоо тэргүүлдэг аж.